“Barbie” кассын орлогоороо 4 долоо хоног дараалан тэргүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОС-АНЖЕЛЕС. /AFP/. “Warner Bros” компанийн уран бүтээл “Barbie” уран сайхны кино Хойд Америкт тасалбарын борлуулалтаараа дөрөв дэх долоо
хоногтоо дараалан тэргүүлж, Америкийн найруулагч Грета Гервиг кино урлагийн салбарын дээд
амжилтуудыг эвдсээр байна.
“Barbie” дэлгэцэнд гарснаар Г.Гервиг бие даан найруулсан уран бүтээлээрээ нэг тэрбум ам.долларын орлого олсон анхны эмэгтэй найруулагч болсон бол өнгөрсөн долоо хоногт дотоодын зах зээлээс хамгийн их орлого олсон эмэгтэй найруулагч болсон тухай “Hollywood Reporter” сэтгүүлд мэдээлжээ. “Exhibitor Relations” судалгааны фирмийн мэдээллээр, “Barbie” өнгөрсөн долоо хоногт 33.7 сая ам.долларын орлого олсноор дотоодын зах зээлээс олсон орлогын хэмжээ 526 сая ам.долларт хүрсэн байна.
Одоо Г.Гервиг бүх
цаг үеийн түүхэн дэх хамгийн их орлого олсон эмэгтэй найруулагч болохоор Америкийн
найруулагч Женнифер Ли-тэй өрсөлдөж байна. Ж.Ли “Disney” компанийн “Frozen” хүүхэлдэйн киног Америкийн найруулагч Крис Бактай
хамтран найруулсан билээ.
Барби хүүхэлдэйн
дүрийг Австралийн жүжигчин Марго Робби, Кений дүрийг Канадын жүжигчин Райан
Гослинг нар бүтээсэн “Barbie”
кино өдгөө дэлхийн зах зээлээс 1.2 тэрбум ам.долларын орлого олоод байна.
Харин атомын бөмбөгийн
хөгжлийн талаар өгүүлэх түүхэн драм жанрын “Oppenheimer” уран сайхны кино “Box Office”-ын жагсаалтад хоёрдугаар байранд дахин бичигдэж эхэлжээ. Өмнөх долоо хоногт тус кино “Warner Bros”-ын уран бүтээл “Meg 2: The Trench” кинонд байр сууриа алдаж байв. Харин “Meg
2” энэ долоо хоногт дөрөвдүгээр байр руу ухарчээ.