Ж.Бат-Ирээдүй: Монгол судлал шинжлэх ухааны дайтай зүйл болжээ

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-08-11 15:29:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал 5 салбар, нэг дэд салбар хуралдаанаар үргэлжилж байна. Тэдгээрийн нэг салбар хуралдаан нь "Монгол хэл, Монголын уран зохиолын түүхэн хөгжил болон орчин үе" сэдэвт илтгэл хэлэлцүүлгүүдээр өрнөж байгаа юм.


Хэл судлалын монгол эрдэмтдээс гадна Өвөрмонгол, БНХАУ, ОХУ, БНТУ, БНЧУ-ын судлаач эрдэмтэд өөрсдийн судалгаа, дэвшүүлсэн санаа монгол хэл, соёлыг судлан таниулах, монгол судлалыг хөгжүүлэх талаар ярилцаж байна. Хурлын эхний өдөр Монгол хэл судлалын эрдэмтэд орчин цагийн монгол хэлний хэл хувьсал, хөгжлийн хандлага, ярианы болон бичгийн хэлний суурь аялгууны асуудал, Алтай хэлний зарим судалгааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.


ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ж.Бат-Ирээдүйтэй хурлын үеэр ярилцлаа.


-Монголч эрдэмтдийн их хурал өдгөө 12 дахь удаагаа болж байна. Энэ их хурал анх ямар үзэл санаан дор зохион байгуулагдаж байсан, гүйцэтгэсэн үүрэг нөлөө нь чухам юу байсан гэж та үздэг вэ?

-Энэ хурал анх 1959 онд “Монгол хэл бичгийн эрдэмтдийн хурал” гэдэг нэртэйгээр зохион байгуулагдаж байсан юм. Тухайн үеийн Хэл бичиг, утга зохиол судлах газрын эрдэмтэн Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Дондогийн Цэвэгмид, Амгаагийн Лувсандэндэв нарын агуу мэргэд 15 орны 34 эрдэмтэн судлаачийг хамруулсан томоохон хурал зохион байгуулж байсан байдаг. Тэр үе бол манай улсын гадаад харилцаа төдийлөн нээлттэй биш байсан цаг. Тэдгээр цугларсан эрдэмтдийн дунд Англи, Америк, Японы эрдэмтэд байсан. Хожим монгол судлалаар тэдний нэр алдар түгж байлаа. Анхны тэр хурлын хүрээнд баруун, зүүн Монголын түүх дурсгалын газар болон монголчуудын амьдралыг гадаадын эрдэмтдэд үзүүлж харуулсан. Үүний дараа барууны ертөнцөд, тухайн үеийн социалист орнууд, мөн Хятад, Япон зэрэг улс оронд монголчуудын талаарх мэдээлэл хүчтэй хүрч, энэ хурал өөрийн нөлөөллөө хүргэж чадсан. Монгол Улс НҮБ-д элсэн ороход энэ хурал эергээр нөлөөлсөн гэж хэлж болно. Нэг ёсондоо энэ хурал бол дэлхий дахинд Монголын талаар эерэг мэдээлэл түгэхэд хамгийн чухал арга хэмжээ.


-Монголч эрдэмтэд Монгол орныг хэл, түүх соёл, уламжлал гээд бүх чиглэлээр судалж байна. Энэ дундаа монгол хэлийг судлах нь Монголыг илүү гүн гүнзгий танин мэдэхэд дөхөм байдаг болов уу?

-Хэлийг нь судална гэдэг түүхийг нь судална гэсэн үг. Аливаа улсыг судлах нь цэвэр тухайн хүний сонирхолтой холбоотой. Монгол өөрөө түүх соёл баялаг учир сонирхон судлах эрдэмтэд олон. Мэдээж монгол хэлний хамгийн чухал судалгаа Монголд хийгдсэн, хийгдэж байгаа. Өвөрмонголын их сургуульд хийж байна. Тэгэхээр монгол хэлээ мэддэг хүмүүс нь хамгийн сайн судалгааг хийдэг гэсэн үг. Бусад орны хүмүүс бол эхлээд монгол хэл сураад, дараа нь өөр өөрсдийн өнцгөөс ажигласан зүйлсээ ярьж байх жишээтэй.


-Монгол судлалыг хөгжүүлэхэд олон улс дахь монгол судлалын байгууллагууд, сургуулиудтай хамтрах нь мэдээж. Мөн тэдэнд анхаарал тавих бодлогын асуудал чухал биз?

-Маш чухал. Одоогийн байдлаар 20-иод орны 40 орчим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага монгол судлал, монгол хэл, бичгийн судалгаа хийж байна. Эдгээрээс Токиогийн гадаад хэл судлалын их сургууль маш олон жилийн турш хэлний судалгаа хийж байгаа. Бүр 1911 онд монгол хэлний анги байгуулсан байдаг. Эхлээд мэдээж улс төрийн зорилгоор байгуулагдсан ч яваандаа дэлхийн олон хэл судлах жишгээр хөгжсөн. Энэ сургууль  одоо ч жилдээ 15-20 оюутан монгол судлалаар сургадаг. Мэдээж тэднээс нэг хоёр нь л монгол судлаач болно. Ингэхдээ нэг нь түүх судлал, нөгөө нь монгол хэл, соёлын чиглэлээр судалгаагаа хийгээд явж байх жишээтэй. Энэ мэтээр монгол судлалыг тасалдуулахгүй авч явж байгаа улс орон цөөн боловч бий. Монголтой холбоотой тодорхой нэг зүйлийг судалдаг цэвэр эрдэм шинжилгээний байгууллагууд харин нэлээд бий. Жишээ нь, Кембрижийн их сургуулийн монгол судлалын салбар эхэндээ зөвхөн хэл, утга зохиолын судалгаа явуулдаг байсан бол одоо соёл, нийгмийн антрополог руу судалгаагаа чиглүүлэх болсон. Одоо тэнд мастераас дээш түвшний судлаач бэлтгэж байна. Германы Боннын их сургуульд монгол судлалын анги 1950-иад оны сүүлээр байгуулагдсан. Одоо энэ сургуульд ямар нэг хэл судлан суралцагсдад монгол хэлийг давхар судлах сонголт байдаг. Мөн Гумболдын их сургуульд монгол судлал бий. Иймэрхүү хэмжээнд л байна.


-Таны хувьд энэ удаагийн хурлын онцлог юу байна вэ?

-Монгол судлал гэдэг бол Монголын тухай цогц мэдлэг гэж ойлгож болно. Энэ утгаараа эхлээд хэл бичгийн эрдэмтэд хуран чуулж байсан бол өнөөдөр улс төр, эдийн засаг, хууль, соёл, шашин гээд маш өргөн хүрээний асуудлаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, монгол судлал гэдэг маань шинжлэх ухааны дайтай зүйл болжээ. Хүмүүсийн хэлэлцүүлж байгаа илтгэлүүдийг ажиглаж байхад уламжлалт болоод цоо шинээр бий болж байгаа хандлагын аль алиныг нь эрдэмтэд нарийн судалж байгаа юм байна. Гадаадын эрдэмтэд ч мөн өөр өөрийн өнцгөөс сонирхолтой судалгаа хийж байгааг харж байна. Анх 34 монголч эрдэмтэн ирж оролцож байсан их хурал өргөжиж, хүрээгээ тэлсээр 420 орчим монгол судлаачийг хамарсан том хурал ч болж байсан удаатай. Энэ удаад 20 гаруй орны 200 гаруй судлаач хурлыг зорьж ирснээс гадна манай 100 гаруй эрдэмтэн судлаач багш энд оролцож байгаа юм. Монголыг сурталчлахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл бол монгол судлал юм. Анхнаасаа ийм л зорилгоор хөгжүүлэхийн төлөө үе үеийн эрдэмтэд хичээж ирсэн.  

Холбоотой мэдээ