Нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг энэ онд цахим болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтийг өөрчилж байна.
Тодруулбал, өнгөрсөн онд нийслэлийн 161 байршилд RFID буюу радио давтамжийн үнэлэлтийг
ашиглах, уншигч төхөөрөмжийн дэд бүтцийг суурилуулсан. Энэ жил нийслэлийн бүх тээврийн
хэрэгслийн гэрчилгээг цахим болгож, ирэх
онд орон нутаг, импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг
цахимжуулна.
Нийслэлийн
хөрөнгөөр эхний ээлжид 442 мянган цахим гэрчилгээ, түүнд шаардлагатай тоног төхөөрөмж,
программ худалдаж авсныг суурилуулж
байна. Энэ сард багтаан зорилтот бүлгийн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд, ирэх
сараас нийт иргэдэд цахим гэрчилгээ олгох юм. Ингэснээр
тээврийн хэрэгслийн хөдөлгөөний бүртгэл хийж, төлбөрийн системээ цахимжуулан,
тээврийн хэрэгслийн зохицуулалтыг гар утасны аппликейшн, цахим системээр харах, замын ачаалал ачааллын талаар мэдээлэл авах боломжтой болно.
Мөн тухайн
тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээллийг харах боломжтой бөгөөд хуулийн дагуу татвар, төлбөр, торгуулиа төлөөгүй,
үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Тээврийн хэрэгслийн хяналтын
цахим гэрчилгээний түр журмын төслийг боловсруулж байгаа. Хэрэв торгууль, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй бол цахим гэрчилгээ авах боломжгүй аж.
Цар тахлаас өмнө
жилд дунджаар 80 мянган тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар олгож байсан бол энэ оны хагас жилийн
байдлаар 59 мянган машинд олгожээ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг, “Импортоор
орж ирж буй автомашинд бодлого хэрэгжүүлэхгүй бол авто замын томоохон бүтээн
байгуулалт, нийтийн тээврийн парк шинэчлэл, зарим уулзварын өөрчлөлт зэрэг нь үр
дүнгээ өгөхгүй. Тиймээс энэ
чиглэлийн саналуудаа Үндэсний хороонд танилцуулахаар бэлтгэж байгаа" хэмээснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.