СҮХБААТАР: Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-08-11 10:03:44

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Аймгийн төвд төрийн цахим үйлчилгээний Хурдан цэг ажиллаж эхэллээ. Тус цэгээс иргэд 39 төрийн байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой.


Тодруулбал, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт авахаас гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг захиалах, солих, нөхөн олгох тээврийн хэрэгслийн үйлчилгээний төлбөрүүдийг ч төлөх боломжтой аж.


Хурдан цэг нь Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Авто тээврийн төвд байрлаж байна. Энэ цэгүүдэд хүн хамгийн ихээр төвлөрдгөөс гадна орон нутгийг дамжин өнгөрч буй иргэдэд илүү хүртээмжтэй байх нөхцлийг бүрдүүлсэн байна.


Төрийн хүнд суртлыг арилгах үндсэн чиг үүргийн хүрээнд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хурдан шуурхай үзүүлэх, иргэдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх зорилгоор энэхүү цэгийг улсын хэмжээнд шат дараатай байгуулж байна. цаашид 330 сум 16 тосгон, томоохон боомтуудад төрийн үйлчилгээний цахим цэгийг байгуулна. Эндээс иргэд үйлчилгээ авахаас гадна цахимжилтын талаарх ойлголт, мэдээллээ нэмэгдүүлэх боломжтой гэж Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын орон нутаг хариуцсан хэлтсийн дарга П.Чинбат хэллээ.

 

Холбоотой мэдээ