Үерийн голомтод ажилласан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчин илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үерийн голомтод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчний 16 тохиолдол илэрч, ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд үерийн гамшгийн
дараах үр дагаврыг арилгахаар онцгой
байдал, цагдаа, зэвсэгт хүчин, эрүүл мэнд, тохижилт үйлчилгээ, цахилгаан түгээх
зэрэг 23 байгууллагын 1100 орчим алба хаагч 4 өдөр дараалан ажиллаж байгаа.
НОК-ын Шуурхай штабаас үерийн голомтод байгаа айл өрхийн
хашаа, ариун цэврийн байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг өдөрт хоёр удаа ариутган, халдваргүйжүүлж байгаа. Одоогоор
50 мянган ам метр гудамж талбай, 205 айл өрхийг ариутган,
халдваргүйжүүлжээ. Иргэд
өөрсдөө гэрийн нөхцөлд ариутгал хийхдээ хлорын суурьтай шахмал бодисыг зохих
тун, хэмжээгээр нь усанд найруулж, халдваргүйжүүлэх боломжтой аж.
Гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг нь халуурах, дотор
муухай оргих, суулгах, бөөлжих, булчин татах байдаг. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд иргэд дур мэдэн арга
хэмжээ авах бус, мэргэжлийн байгууллагад хандах ёстой. Мөн халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс иргэн бүр халдвар
хамгааллын дэглэмээ баримталж, хувийн ариун цэврээ сахих шаардлагатай. Тухайлбал,
гараа тогтмол савандаж угаах, үерийн усаар бохирдсон ус ашиглахгүй, хүүхдээ бохир орчинд тоглуулахгүй, гадуур өмссөн
хувцсаа тогтмол цэвэрлэн, амны хаалт хэрэглэснээр халдварт өвчний эрсдэлийг
бууруулах боломжтой юм.