Амазоны ширэнгэн ойг хамгаалах асуудлыг Өмнөд Америкийн удирдагчид хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-09 10:25:25

БЕЛЕМ. /Reuters/. Бразил улсын Белем хотноо Амазоны ширэнгэн ойн бүсийн найман орны дээд хэмжээний уулзалт мягмар гарагт эхэлж, дэлхийн хамгийн том ширэнгэн ойг хамгаалах асуудлыг  хэлэлцэж байна.


Хоёр өдөр үргэлжлэх уулзалтанд 45 жилийн түүхтэй Амазоны хамтын ажиллагааны гэрээний байгууллага (ACTO)-ын гишүүд оролцож байна. ACTO түүхэндээ гурван удаа хуралдаж байсан бөгөөд хамгийн сүүлд 14 жилийн өмнө дээд хэмжээний уулзалт хийж байжээ.


Боливи, Бразил, Колумби, Перугийн ерөнхийлөгч нар энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа бол Эквадор, Гайана, Суринам, Венесуэл зэрэг улс өндөр дээд албан тушаалтнуудаа илгээжээ.


Бразилийн Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "бүс нутгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн шинэ алсын харааг хэлэлцэж боловсруулна" гэж мэдэгдлээТэрбээр хэлэхдээ "бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, олон улсын санхүүгийн системийн шинэчлэлийн асуудлаарх дэлхийн хэмжээний мөрийн хөтөлбөрт ширэнгэн ойтой орнуудын байр суурийг бэхжүүлэх болно" гэжээ.


Амазоны ширэнгэн ойд тулгамдаж буй гол асуудлуудын нэг бол үхрийн мах, шар буурцаг, какао зэрэг ашиг орлого ихтэй салбаруудын үйлдвэрлэл өргөжсөнөөр ой модыг их хэмжээгээр устгаж буй явдал юм.


ACTO-гийн дээд хэмжээний уулзалтад оролцогчид Амазоны ойн сан багасаж байгаатай хамтран тэмцэх холбоо байгуулахаар тохиролцож, энэ талаар мягмар гарагийн үдээс хойш нийтэлсэн хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.


Үүний дараа Амазоны орнууд лхагва гарагт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Индонезийн удирдагчидтай уулзаж, дэлхийн гурван том ширэнгэн ойн сав газрын хамтарсан мэдэгдэл гаргахаар төлөвлөж байна.


Амазоны сав газрыг хамгаалах ажлыг санхүүжүүлсэн Норвег, Герман, Франц улс энэ удаагийн уулзалтад оролцжээ.

 

 



Холбоотой мэдээ