ДЭМБ: Тамхидалтын түвшин дэлхий даяар буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-08-01 16:17:03

ЖЕНЕВ. /DW/. Дэлхий даяар тамхины хэрэглээг бууруулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлт үр дүнгээ өгч, тамхидалтын түвшин буурсан үзүүлэлттэй гарсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт мэдээллээ.  


ДЭМБ-аас 15 жилийн өмнө тамхины хэрэглээг бууруулах арга хэмжээнүүдийг танилцуулж байсан бөгөөд тэдгээрийн талаарх шинэ тайлангаа нийтэлжээ. Үүнд дурдсанаар, өдгөө 5.6 тэрбум хүн тамхины хэрэглээг бууруулах зорилгоор тус байгууллагаас зөвлөсөн арга хэмжээнүүдээс хамгийн багадаа нэгийг нь хэрэгжүүлсэн орнуудад амьдарч байна.


Улмаар тамхидалтын түвшнийг бууруулахад үр нөлөөгөө үзүүлсэн бөгөөд тэдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээгүй байсан бол “өнөөдөр тамхи татдаг хүмүүсийн тоо 300 саяар илүү байх байсан” гэсэн тооцоо гарчээ. Дэлхий даяар тамхидалтын түвшин 2007 онд 22.8 хувьтай байсан бол 2021 онд 17 хувьд хүрч буурсан байна.


“Тамхины хор хөнөөлөөс ангид байх боломжтой хүмүүсийн тоо алгуур хэдий ч улам нэмэгдсээр байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.


Тамхидалт нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүдийг үүсгэдэг

ДЭМБ-аас зөвлөж буй арга хэмжээнүүдэд тамхины хор хөнөөлийг таниулан сурталчлах, тамхины савлагаан дээр эрүүл мэндэд учруулах эрсдэлийнх нь талаар анхааруулах, татварыг нэмэгдүүлэх зэрэг багтдаг.


Маврики, Нидерланд, Бразил, Турк улсууд тамхидалтыг зогсоохын тулд ДЭМБ-ын зөвлөсөн бүх арга хэмжээг хэрэгжүүлж буйг тайланд цохон тэмдэглэжээ.


Тамхи татах нь урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болдог бөгөөд жилд ойролцоогоор 8.7 сая хүн тамхидалттай холбоотой шалтгаанаар, 1.2 сая дам тамхидалтын улмаас нас бардаг байна.


ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхийн 44 орон /2.3 тэрбум хүн амтай/ тамхидалттай тэмцэх ямар нэгэн арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна.


Тус байгууллагын тайланд мөн электрон тамхины хэрэглээ нэмэгдэж буйтай холбоотой асуудлуудыг дэвшүүлжээ. Ингэхдээ 74 оронд электрон тамхины бүтээгдэхүүнтэй холбоотой зохицуулалт байхгүй байгааг, мөн дэлхийн улс орнуудын тэн хагас орчимд нь ийм тамхи худалдан авах насны доод хязгаарыг тогтоогоогүй байгааг тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ