ОРХОН: Б.Мөнхдалай: Ажлын зар тавиад ч ирэх хүн алга

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-21 15:24:53
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Хот тохижуулах газрын дарга Б.Мөнхдалайгаас хот тохижилт болон хог тээвэрлэлт, үйлчилгээний талаар тодрууллаа. 


-Гэр хороололд хөдөлгөөнт чингэлэг байршуулаад нэг жил өнгөрч байна. Үр дүн хэр гарч байна вэ? Мөн цаашид бүх багт байршуулах боломжтой юу?

-Өнөөдрийн байдлаар гэр хорооллын долоон багийн хог хаягдлыг хөдөлгөөнт чингэлгээр ачиж, тээвэрлэж байна. Цаашид бүх багт байршуулахын тулд нэмж 7 ачааны машин, 44 хөдөлгөөнт чингэлэг авахаар төлөвлөсөн. Мөн Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар 20 чингэлэг нэмж ирнэ. Ингэснээр гэр хорооллын хог ачилтын давтамжийг ойртуулна. Өмнө бид гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг улиралд нэг удаа ачдаг байсан бол одоо 45 хоногт нэг удаа тээвэрлэх боломжтой юм. Харин орон сууцны хог ачилт, тээвэрлэлтэд хүндрэлтэй асуудлууд бий.

Тухайлбал, хогийн бункерийг машин таглаад тавьчихдаг. Үүнээс болж хугацаа алдах, зарим тохиолдолд ачигч гараар хогийг зөөвөрлөж машинд ачиж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд хогийн машины маршрут, цагийг тодорхой болгох шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, нэг байрны гадна өдөр бүр яг тогтсон цагт, тогтсон хуваарийн дагуу хогийн машин ирж шуурхай ачдаг болгоно. Үүний тулд машин бүрд GPS суурилуулж, нийтийн тээврийн маршрут шиг байнга хянадаг болно. Үүнд 30-40 сая төгрөг шаардлагатай байгаа юм.   


-Аж ахуйн нэгж байгууллагууд хогоо тогтмол ачуулдаггүйгээс болж орчин бохирдол үүсгэж дулааны улиралд үнэр их гарч иргэдийг бухимдуулах болсон. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Хот тохижуулах газар Эрдэнэт хотын 29.3 мянган өрх, 106.2 мянган иргэний хог хаягдлыг ачиж, тээвэрлэн хогийн цэгт төвлөрүүлдэг. Мөн аж ахуйн нэгжүүдийн хогийг гэрээний дагуу нэг м.куб-ыг 15 мянган төгрөгөөр тооцон тээвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1300 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн дийлэнх нь гаднаа зориулалтын хогийн савгүйгээс орон сууцны хорооллын хогийн бункерт хогоо хаядаг.

Гаднаа хогийн савтай хэрнээ хогоо зориулалтын дагуу хаядаггүй, ачуулахгүй удааснаас үнэр орж орчны бохирдол үүсгэдэг зэрэг олон асуудал бий. Аж ахуйн нэгж бүр гаднаа хогоо ангилан ялгаж хийх зориулалтын савыг байрлуулснаар орчны хог хаягдал багасч, хог ачилт, тээвэрлэлтийг гүйцэтгэх боломж бүрдэнэ. Зориулалтын хогийн сав байршуулснаар хогийг тусгай тоноглол бүхий машинаар ачигчийн оролцоогүйгээр, хурдан шуурхай тээвэрлэх боломж бүрдэнэ. Тиймээс Хот тохижуулах газраас бүх байгууллагыг зориулалтын хогийн савтай болохыг уриалж байгаа.


-Энэ бүгдийг гүйцэтгэхэд ажиллах хүчин хангалттай юу?

-Манайх 230 гаруй ажилчинтай. Эрдэнэт хотын хэмжээнд хог ачиж, тээвэрлэх, золбин нохой, муур устгал, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, үйлчилгээ, хүүхдийн автобусны үйлчилгээг хариуцан ажилладаг. Зам талбайн нэг үйлчлэгчид ногдох талбайн хэмжээгээр тооцвол боловсон хүчин дутагдалтай байна. Тиймээс шинээр байгуулсан орон сууцны хорооллууд үйлчлэгчгүй байгаа. Зам талбайн үйлчлэгч, ачигч авах зар тавиад ч ажилд орох хүн  ирэхгүй  байна. Тиймээс одоо ажиллаж байгаа ажилчдынхаа цалин, урамшууллыг нь нэмэх, ажлын байрны нөхцөлийг нь сайжруулах, тэдний мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ