Хэнтийчүүд Хэрлэн голоо тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-14 13:21:06

Энэ жил Хэнтий аймгийн УААУГ-ын түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойг тохиолдуулан Хэнтийчүүд Хэрлэн голоо тахих гэж байна. Тахилга энэ сарын 17-ны өглөө нар мандах цагаар болох юм.

Хэрлэн гол нь цэвэршилтийн зэргээрээ 2-т бичигддэг цэвэр уст голуудын нэг юм. Тиймээс Хэрлэн голоо хайрлан хамгаалах, байгалийн үзэсгэлэнт төрхөөр нь хадгалан авч үлдэх үнэт соёлыг түгээхийн тулд энэхүү тахилгын арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэж усны салбарын ахмадууд санаачилжээ.

Олон улсын тогтсон жишгээр бол голын усны бохирдлыг 5-25 хүртэлх баллаар дүгнэдэг байна. Тэгвэл Хэрлэн голын бохирдлын үзүүлэлт 8-12 баллд хүрчээ. Хэрлэн голынхоо эргийг цэвэрлэх бүх нийтийн арга хэмжээг үе үе зохиодог ч цэвэрлэгээнд оролцсон хүн бүр голын эрэг дагуух хог хаягдал жилээс жилд нэмэгдсээр байгааг албаныхан хэлж байна.

Түүнчлэн Хэрлэн гол бол аймгийн төв болоод хэд хэдэн сумынхны ундны гол эх үүсвэр юм. Харин сүүлийн үед Хэрлэн голын эхэнд уул уурхайн олборлолт хийгддэг, Төв, Хэнтий, Дорнод аймгийн иргэд голын эрэг дагуу амарч зугаалахдаа хог хаягдлаа их хэмжээгээр хаядаг, машин тэргээ угаадаг зэрэг нь голын ус бохирдуулах үндсэн шалтгаан болжээ. Ердөө ганцхан шоо метр бохир ус л гэхэд 40-60 шоо м цэвэр усыг бохирдуулдаг гэнэ. Аливаа гол мөрөн бүр өөрийн усаа тодорхой зай, талбайг туулах явцдаа цэвэршүүлдэг боловч уг процесс нь тухайн голынхоо урсац, усны хурдаас хамаарч харилцан адилгүй байдаг аж. Хамгийн багадаа л 50-100 км урсаж байж бүрэн цэвэршдэг байна. Тэгэхээр удаан урсгалтай Хэрлэн голын ус цэвэршиж амжилгүй хичнээн хол зайг туулж байгаагаас шатлгаалан Хэрлэн гол бохирдох хандлагатай байгааг байгаль хамгаалагчид хэлж байна.

Тиймээс залуу үеийнхэн, байгал эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй хүн бүр тус тахилгын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриаллаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ