Тэргэл сартай үед газар хөдөлдөг байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
dorjkhand@montsame.mn
2016-09-14 13:19:53

ВАШИНГТОН. /VOA/. Бүтэн сар гарсан тохиолдолд томоохон газар хөдлөлт болдог байж магадгүй гэдгийг шинэ судалгаа харууллаа.

Токиогийн их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар, өдөрт хоёр удаа далайн өндөр түрлэг болох үед томоохон газар хөдлөлт болдог байж магадгүй. Сарны татах хүчний улмаас далайн усны түвшин дээшилж, багасах үед далайн түрлэг үүсдэг бол сард хоёр удаа бүтэн болон шинэ сар гарсан тохиолдолд далайн түрлэг маш хүчтэй бөгөөд өндөр болдог ажээ.

Энэ нь шинэ онол биш  боловч сар ба газар хөдлөлт хоорондын харилцан холбоог тогтоохыг оролдож буй анхны судалгаа гэнэ.

Тухайлбал, 2004 оны Суматрагийн газар хөдлөлт болон 2011 оны Японы газар хөдлөлтийн аль аль нь далайн өндөр түрлэгийн үеэр болсныг судлаачид олж тогтоожээ. Мөн дэлхийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүчтэй 12 газар хөдлөлтийн ес нь бүтэн эсвэл шинэ сар гарсан үед болж байжээ.

Энэхүү судалгаа нь газар хөдлөлт олонтоо болдог Япон зэрэг улсуудад газар хөдлөлт болохыг урьдчилан таамаглахад тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ