Ж.Ганболд: Тааврыг эрс өөрчилсөн маш сонирхолтой барилдаан болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
uranatuya@gmail.com
2023-07-12 15:45:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ.

 

Нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга, Улсын заан Ж.Ганболдоос баяр наадмын талаарх сэтгэгдлийг нь сонсов. Ж.Ганболд:


-Бөхчүүд, уяачид, харваач мэргэнүүдийн маань олон сарын бэлтгэл, хөдөлмөрийг үнэлдэг баяр бол монгол наадам. Шижигнэсэн 512 бөх барилдлаа. Наадамчин олон маань хийгээд бөхчүүдийн дундах тааварт Монгол Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр нар нэлээд дээгүүр эрэмбэлэгдэж байсан боловч Б.Орхонбаяр өвдөг шороодчихлоо. Таавар таамгийг эрс өөрчилсөн, маш сонирхолтой барилдаан өрнөж байна. Наадамчдыг өндөлзүүлсэн үнэхээр сайхан бөхийн барилдаан, сайхан наадам болж байна. Бөхчүүд маань ч хүч бяр, бэлтгэл сайтай байгаа нь илт байна. Таарсан бөхчүүдээ төвөггүй даваад л тугаа тойрч байгаа харагдана.


Морины уралдаан ч мөн маш сайхан болж байна. Газар дэлхий чийгтэй учир, тоос шороогүй унаач хүүхэд, уралдаж байгаа хүлэг морины аль алинд нь илүү таатай сайхан байна. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс ч нийт монголчуудынхаа сэтгэлд хүрсэн, элдэв маргаангүй маш сайхан наадмыг зохион байгуулахыг хичээж ажиллаж байгаа. Энэ жилийн наадамд үзэх харах зүйл нь урьд урьдынхаас илүү их, илүү баялаг сайхан болж байна уу даа гэж харж байна. Наадамчдын сэтгэлийг хөнддөг гол үйл ажиллагаа болох нээлт бас маш сайхан боллоо. Өргөн дэлгэр сайхан наадаарай. 

Холбоотой мэдээ