Ч.Идэрчулуун: Аавынхаа үргэлжлэл болж наадмыг хөтлөхөд сэтгэл их хөдөлсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
uranatuya@gmail.com
2023-07-11 18:07:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний их баяр наадмыг 40 гаруй жил хөтөлсөн, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Г.Чулуунбат агсны хүү Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, нэвтрүүлэгч Ч.Идэрчулуун энэ жил аавынхаа дуу хоолойны үргэлжлэл болж Төрийн их баяр наадмыг хөтөлж байна.


Түүнээс аавынхаа халааг авч анх удаа наадмын үйл ажиллагааг хөтлөхөд ямар байгаа тухай сэтгэгдлийг нь сонслоо. Ч.Идэрчулуун:

-Тэнгэрлэг түүхтэй монголчууддаа баяр наадмын мэнд хүргэе. Наадмын нээлт маш сайхан боллоо. Угаас жил жилийн наадам үргэлж сайхан болдог. Монгол наадам бол мянга мянган жилийн түүхтэй, бидний хамгийн том баяр. Ямар ч үед бид Наадам хэмээх энэ баяр цэнгэлийн арга хэмжээгээ орхигдуулаагүй ирсэн ард түмэн. Монгол түүхийн гойд илэрхийлэл болсон энэ баяртаа би бүх монголчуудынхаа нэгэн адилаар маш хүндэтгэлтэй ханддаг.


Миний аав Монгол төрийнхөө наадмыг 40 гаруй жил хөтөлсөн. Өнөөдөр би аавынхаа дуу хоолойны үргэлжлэл болж Төрийн их баяр наадмын нээлтийг хөтлөхөд сэтгэл үнэхээр их хөдөлж байсан. Миний хувьд Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн баяр наадмын нэвтрүүлгийг 20 гаруй жил хөтөлсөн. Харин аавтай минь 40 гаруй жил хоолой хоршин баяр наадмаа хөтөлсөн Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Отгон эгчтэйгээ анх удаа наадмаа хөтөлж эхлүүлсэн нь миний хувьд маш онцгой үйл явдал юм. Мөн надад ингэж итгэл хүлээлгэж төрийн их баяр наадмыг хөтлөх хүндтэй үүрэг хүлээлгэсэнд туйлын их баяртай байна. Аавынхаа олон арван жил хийсэн энэ нэр хүндтэй хөтлөлтийг хийж байхдаа их огшиж байлаа. Гайхамшигтай сайхан л гэж хэлье.  


Холбоотой мэдээ