Б.Чойжилсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний 10 орчим эх үүсвэр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
uranatuya@gmail.com
2023-07-10 21:08:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


-Монголын эдийн засгийн форум-2023-

Монголын эдийн засгийн форум-2023 Улаанбаатар хотод хоёр өдрийн турш үргэлжлэн өндөрлөлөө. Энэхүү форумыг Монголд зочлох жилийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор зохион байгууллаа. Форумын нэг чухал салбар хуралдаан нь “Шинэ эрчим хүчний эх үүсвэр-Нар, Салхи, Устөрөгч” сэдвийн дор өрнөсөн юм.


Монгол бол сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, устөрөгчийн асар арвин нөөц баялагтай орон. Энэ баялагаа түшиглэн эрчим хүчнийхээ салбарыг сэргээн хөгжүүлэх, хараат байдлаасаа гарах, цаашилбал эрчим хүч экспортлох хэмжээнд хүртэл хөгжүүлэх том зорилт тавьсан байгаа юм. Тийм ч учраас энэ удаагийн чуулганд оролцогч гадаадын зочид төлөөлөгчид манай сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын орчин зэрэгт ихээхэн анхаарал хандуулж байлаа. 

 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй энэхүү салбар хуралдааны үеэр ярилцлаа.


-Манай улсын эрчим хүчний салбарын өнөөдрийн байдлыг харахад яах аргагүй дараагийн алхам руугаа шилжих, шинэ эх үүсвэрүүд нэмэх зайлшгүй шаардлага бий болчихсон. Энэ шаардлагаа сэргээгдэх эрчим хүчээр нөхөх боломж бололцоо манайд хангалттай бий гэж үздэг. Тэгвэл Засгийн газар болоод салбарын яамны төлөвлөгөө зураглалд энэ асуудал хэрхэн тусгагдсан болон бэрхшээл саад нь юу байна гэдгийг тодруулна уу?

-“Өнөөдрийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ оруулаад тооцоход 1500 орчим МвТ хүчин чадалтайгаар энэ салбар явж байгаа. Хэрэглээ нь энэ хүчин чадлаа хэдийнээ давчихсан. 2035 он гэхэд хэрэглээ хоёр дахин томорно гэсэн тооцоо байна. Тийм учраас шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Засгийн газар, Эрчим хүчний яамны эн тэргүүний зорилт. Энэ зорилтдоо хүрэхийн тулд хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлээд явж байна. Амжилттай хэрэгжих байх гэсэн найдвар бий. Одоо бид эрчим хүчээ дан ганц хатуу түлшээр биш, аль болох ногоон эрчим хүчрүү шилжиж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдтэй болохын төлөө л ажиллах төлөвлөгөө байна.


Харамсалтай нь өнөөдөр манай эрчим хүчний салбарт хоёр бэрхшээл байна. Нэгдүгээрт эрчим хүчний үнэ төрөөс тохируулгатай явж ирсэн. Ингэхээр энэ салбар ашиггүй ажиллаж, тогтвортой байдал, ирээдүйн хөгжих нөхцлийг боогдуулж байдаг. Дараагийн нэг асуудал нь техникийн хүндрэл бэрхшээл. Нар, салхины хангалттай нөөцтэй. Харин манай голууд хойшоо хойд хөрш рүү гарсан урсацтай учир тодорхой голууд дээр баригдаж байгаа станцуудын асуудал бэрхшээлтэй байна. Мөн тохируулгын асуудал маш чухал. Нар салхины эрчим хүчийг төвийн эрчим хүчтэй холбоход төдий хэмжээний нөөцтэй байх ёстой боловч тэр нь бидэнд алга.


-Энэ тохируулгыг хийх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-ОХУ-аас 220 КВт цахилгаан эрчим хүчийг тохируулгын зориулалтаар импортолдог байсан. Одоо бараг үндсэн импортлогч болоод байгаа. “Рио Тинто” компанийнханд талархах нэг зүйл байна. Бид Өвөрмонголын эрчим хүчний эх үүсвэрээс шаардлагатай бол ирэх өвөл болон түүний дараагийн өвөл чадлын тохируулгыг импортлох бэлтгэл ажлыг хийж байна. Ийм шаардлага гарахгүй ч байж магадгүй. Гэвч бид нөөц төлөвлөгөөтэй байх нь зүй. Яг энэ тал дээр Оюутолгой компани Өвөрмонголын талтай ойлголцож чадахад түлхэц болсон гэдгийг энд хэлэх ёстой. Ойрын хугацаанд энэ холболтыг хийх хөрөнгө оруулалтыг тус компани шийдэх байх.


-Манай улсын хувьд цахилгаан эрчим хүчнийхээ үнэ тарифын асуудлыг бүрэн шийдэх, ядахдаа алдагдалгүй ажиллахад яг юу саад болдог юм бол. Өнгөрсөн онд тодорхой хэмжээгээр үнэ тарифын өөрчлөлт хийсэн. Гэсэн хэдий ч энэ нь мэдээж ашигтай ажиллах хэмжээнд очоогүй байх?

-Сэргээгдэх эрчим хүчний 10 орчим эх үүсвэр байна. Дээр хэлсэн хоёр үндсэн шалтгааны улмаас дахиад хэд хэдэн станцын төсөл байгаа ч холбож чадахгүй байна. Мөнөөх л үнэ тарифын болон техникийн бэрхшээл. Өнгөрсөн оны эцсээр цахилгааны үнэ тарифт 28 орчим хувиар нэмж өөрчлөлт оруулсан. Олон нийтийн зүгээс ч багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Хэдийгээр хэрэглэгчдийн хувьд энэ нь хүндэвтэр тусаж байж болох ч энэ салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд үнэ тарифын өөрчлөлтийг зайлшгүй хийхээс өөр аргагүй. Гэхдээ цахилгаан эрчим хүчнийхээ үнийг нэмэгдүүлээд байхад л бид алдагдалтай л ажиллаж байна. Энэ уулзалт дээр бодит байдлыг хөрөнгө оруулагчиддаа үнэнээр нь хэлэхийг л зорьсон.


Бид үнэ тарифынхаа өөрчлөлтийг үе шаттайгаар хийгээд зах зээлийн ханшид сайн тохируулга хийж чадвал хөрөнгө оруулагчид ч илүүтэй олноор орж ирнэ. Эрчим хүчний салбар өөрөө монополь үйлдвэрлэгч учраас хүссэн үнээ тулгах боломж хомс. Ингэвэл бусад салбаруудаа татаж унагах эрсдэлтэй. Тийм ч учраас хөгжихийн тулд огцом шийдвэрт хүрвэл осолтой. Болгоомжтой хандахгүй бол бараа үйлчилгээний үнэ тарифт ч нөлөө үзүүлнэ гэсэн үг. Энэ бүхнийг маш сайн бодож төлөвлөж хийх нь зөв.


-Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний салбартаа хүч тавин анхаарч хөгжүүлж байна.  Энэ нь нар салхины нөөц баялаг ихтэй улсын хувьд том боломж. Үүгээрээ дамжуулаад эрчим хүчний салбарын хүндрэл бэрхшээлээсээ гарах зам нээлттэй байгаа гэсэн хүлээлт бий. Тэгэхээр бид хөрөнгө оруулагчдынхаа сонирхлыг ямар байдлаар илүү татах вэ?

-Энэ удаагийн уулзалт чуулганаар хөрөнгө оруулагчид улс төр хийх гэж ирээгүй. Тэгэхээр Монголын төр салаа утгагүй, чадна чадахгүй гэдгээ тодорхой хэлэх нь зөв. Манайд хууль эрх зүйн орчин нь харьцангуй боломжийн байна. Одоо ганцхан улс төрийн зориг л хэрэгтэй.

Одоо гадаадын бараг бүхий л хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд манай сэргээгдэх эрчим хүчний салбар орчихсон. Монгол Улсын хувьд карбон ялгаруулалтаасаа шингээлт нь өндөр байгаа нэг сайн тал байна. Хөгжингүй орнууд энэ тал дээр манайхаас хойно байгаа. Магадгүй үйлдвэрлэл бага хөгжсөнтэй ч холбоотой байж болох талтай. Тэгвэл энэ боломжоо ашиглаж бид тэдэнд туслах хэрэгтэй. Энэ тал дээр мөн тусдаа бодлого гаргаж ажиллах нь зүй байх.

Аж үйлдвэржилт бага хөгжсөнтэй холбоотойгоор нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэрэглээ бүс нутагтаа багадаа орж байгаа. Тэгэхээр бусад улс орнуудаас илүү огцом тэлэх бүрэн бололцоо манай эрчим хүчний салбарт байгаа юм.



 

Холбоотой мэдээ