Сирийн иргэний дайн 301 мянган хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-09-14 10:12:23

ЛОНДОН. /Xinhua/. Сири улсад 2011 оны гуравдугаар сард зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 301 мянга гаруй хүн амиа алдаад байна гэж тус улсын иргэний дайны байдалд ажиглалт хийж буй нэгэн байгууллага мэдэгдлээ.

Их Британид төвтэй “Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч” ТББ мягмар гарагт мэдэгдсэнээр, хохирогчдын ихэнх нь Сирийн засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчний байлдагчид аж.

Мөн тус байгууллага мэдэгдэхдээ “иргэний дайны улмаас 86 мянга гаруй энгийн номхон иргэн, тэдний дотор 15 мянга гаруй хүүхэд болон 10 мянга орчим эмэгтэй хүн амь үрэгдсэн” гэв.

Үүнээс гадна хоёр сая гаруй хүн шархдаж, наад зах нь 11 сая хүн орон гэрээсээ дүрвээд байна.

Гал зогсоох хэлэлцээрийг удаан хугацаагаар хэрэгжүүлснээр цаашид хүмүүс амь үрэгдэхээс сэргийлнэ гэж тус байгууллага үзэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ