ХОВД: Үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-08 13:31:21

Жаргалант /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр Ховд аймагт үндэсний хувцасны уралдаан, гоёл наадам, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.  

Энэ хүрээнд монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлах зорилготой олон талт үйл ажиллагаа өрнөлөө.  Тухайлбал, үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал Ховд аймгийн төв талбайд болж байна. Үүнд 50 гаруй байгууллага  хамт олон, сум,  багийн иргэдийн төлөөлөл үндэсний хувцсаараа гоёж оролцлоо.  

Энэ үеэр мэргэжлийн шүүгчдийн зүгээс "Угсаатны гоёл-2023" үйл ажиллагаанд оролцогч шилдэг байгууллагыг шалгаруулж шагнав. Ингээд өв соёлоо эрхэмлэн дээдлэгч шилдэг байгууллагаар Цагдаа, Онцгой байдлын газар болон Жаргалант сумын Жаргалан баг шалгарчээ.

Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэр үзүүлж, хувцас урлаачдын дунд уралдаан зохион байгууллаа. Үүнд үндэсний хувцас урлаач 30 орчим хүн оролцож, дээл хувцсыг язгуур хэв шинж, орчин үеийн хэв шинж агуулсан байдлаар урласнаа иргэд олон нийтэд танилцуулсан юм.      

Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв болсон Ховд аймагт өдгөө захчин, дөрвөд, торгууд зэрэг 10 гаруй угсаатны бүлэг аж төрж байна. Эдгээр угсаатны хувцас нь өөр өөрийн дахин давтагдашгүй онцлог, бэлгэдлийг агуулж байдгаараа онцлогтойМонгол хүнийг монгол гэж дэлхийд таниулах нэрийн хуудас болсон үндэсний хувцасны түүх, уламжлалт гоёл чимэг нь өв соёлын нэгэн хэсэг бөгөөд монгол хувцасны хэрэглээг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо чухал байр суурь эзэлж байна.  

  

Холбоотой мэдээ