Хэвлэл мэдээллийн салбарт 4448 хүн ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдсанаар хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг. Уг хууль Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах суурь нь болж өгсөн байдаг.
Дээрх хуульд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж,
нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн
мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэсэн заалт бий. Ийм хуультай болсноос хойш
25 жил өнгөрсөн байна. Энэ хооронд хэвлэл мэдээллийн үндсэн төрөл сонин,
сэтгүүл, радио, телевизээс гадна сайтууд, сошиал ертөнц бий болоод байна.
Монголын хэвлэлийн хүрээлэнгээс 2022 онд Монгол Улсын мэдээллийн зах зээлийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд хийсэн судалгааны дүнг 2023 оны 6 дугаар сарын 29-нд танилцуулжээ.
Хэвлэл мэдээллийн эзэмшлийн хувьд:
- сонин 63 хувь,
- сэтгүүл 50 хувь,
- радио 72 хувь,
- телевиз 90 хувь,
- мэдээллийн сайтын 86 хувь
нь хувийн байгууллагад байна.
Хувийн хэвшлээс гадна Төрийн бус байгууллага, Улс төрийн нам эвсэл өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн
байгууллагатай байна. Тэдгээрээс хамгийн өндөр буюу нийт телевизийн 90
хувь хувийн хэвшлийн эзэмшилд байна. Харин сонин, сайтуудын нэг хувь нь төрийн
мэдэлд байна. Энэ тоон үзүүлэлтээс харвал хэвлэл мэдээллийн салбарт чөлөөт зах
зээлд, сэтгүүл зүй бүрэн утгаараа олон ургальч үзлийн индэр болох боломж
бүрджээ. Тэдгээрээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн 2022 оны тоог дараах байдлаар
гаргажээ.
- сэтгүүл 43,
- телевиз 115,
- сайт 59,
- радио 46,
- news 59,
- www 188,
- нийт 451,
Харин өдөр тутмын сонины тоон өөрчлөлтийг сүүлийн 10 жилээр гаргажээ.
Хэвлэл мэдээллийн салбарт 2022 оны байдлаар 4448 хүн ажиллаж байгаа юм байна. Улаанбаатар хотод хэвлэл мэдээллийн хэрэгслийн 91 хувь нь ажилладаг. Харин 9 хувь орон нутагт байрлаж байна.
Ажиллагсдын 2257 нь телевиз, 778 нь сайт, 710 нь пэйж хуудас, 377 нь радио, 326 нь сонин, сэтгүүлд ажилладаг. Тэдний 46 хувь нь эмэгтэй, 54 хувь эрэгтэйчүүд байна.
Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судлаачид, “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн мэдээллийн сүлжээгээр агуулга түгээх, сурталчлах, хэрэглэгчидтэйгээ харьцах хандлага нэмэгджээ. Тухайлбал телевиз, радио, мэдээллийн сайтууд фейсбүүк, твиттер хуудсаараа дамжуулан мэдээ нэвтрүүлгээ шууд түгээж байна" гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.