Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын үзэсгэлэн худалдаанаас үүдсэн бахархал
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023”-ын хүрээнд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд 3 хоног гарч олны анхаарлыг татав.
Дэлхийн
эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн
оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд
үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг жишигтэй болжээ.
Харин
өнөөдөр бол олон улсын болон Монголын хоршооллын өдөр тохиож байна. Хоршооллын
өдрийг дэлхий даяар 101 дэх удаагаа тэмдэглэж байгаа нь энэ. Монгол Улсын
хэмжээнд 4000 гаруй хоршоо үйл ажиллагаа явуулдаг гэдгийг нээлтийн үеэр нь хэлж
байлаа.
Чухам энэ өдөр нь Сүхбаатарын талбайг зорьж,
үзэсгэлэн худалдаагаар орж, нүд баясгаж, сэтгэл сэргээв. Айл бүрийн айраг өөр
амттай байдаг шиг асар бүр өөрийн гэсэн онцлогтой. Үндэсний үйлдвэрлэлээ
таниулж байгаа болохоор үндэсний хувцсаараа гоёсон худалдагчтай асар олон
байсан. Өөрсдийн бүтээгдэхүүнийг тэд зорьж ирсэн үйлчлүүлэгчдэд уйгагүй тайлбарлан
таниулж байсан нь сэтгэлд нэг л өег.
Ер нь
төв талбай олны сэтгэлийг татдаг төдийгүй хүмүүс цугларч, хөөр баясалд автдаг,
аргагүй Монгол Улсын нийслэлийн төв цэг болсныг харах үнэхээр таатай байв. Сүх
жанжны хөшөөний хойд талд 30, 40 жилээ тэмдэглэж байгаа нэг төгсөлтийнхны инээд
хөөр, уулзалтын уур амьсгал бялхаж байхад, баруун талд нь залуус сагс тоглож, ач
зээгээ дагуулсан өвөө эмээ нар хөшөөний ойролцоо сууцгаан багачуудын тоглохыг
харж сууна.
Харин
улсын төв цэгийн чанх урд талд байрлуулсан тайзан дээр морин хуурын чуулгынхан
хос чавхдасны гайхамшгийг хурсан олонд сонсгож байх жишээтэй. Үзэсгэлэн
худалдааны асрууд гадны жуулчдаар дүүрэн. Тэд Монголын хувийн хэвшлийнхний
бүтээгдэхүүнийг нэлээд сонирхож байгаа нь ажиглагдсан.
Тус үзэсгэлэн
худалдаанд арьс шир, ноос ноолуур, органик хүнс, оёмол бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч, мэдээллийн технологи болон гар урлалын чиглэлээр дотоод, гадаадын
нийт 200 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулан “үүцээ” задалжээ.
Тэр бүрийг нэг бүрчлэх тоочих аргагүй.
Тиймээс
олны анхаарлыг хамгийг ихээр татаж байсан газрыг сонголоо. Тэр нь үндэсний хээ
угалзаар чимэглэсэн улаан хошлонтой монгол гэрүүд. Эхний зургаан ханат гэрт
ороод л үнэхээр биширсэн. Гэр доторх сийлбэрийг хараад монгол урчуудаараа бахархсан.
Бүх тавилга нь сийлбэртэй. Эргэнэг нь хүртэл битүү сийлбэр. Сийлбэртэй ширээн
дээрээ Д.Равжаа хутагтын “Үлэмжийн чанар” дууны үгийг бичсэн гоёлтой.
Гэрт
орж ирсэн хүмүүс үнийг нь их сонирхож байлаа. Харин бүгд үйлчлүүлэгч учраас хариулах
хүн олдсонгүй. Хойд талын 8 ханатай гэрт жинхэнэ эзэн нь хүмүүст тайлбар
хийгээд зогсч байв. Босгоор нь давж оронгуутаа өөрийн эрхгүй зогтуссан. Учир нь
тэр гэрийн доторх үнэхээр урлагийн бүтээл байлаа. Зүгээр л гайхамшиг.
Өөрийгөө
Э.Орхонбаяр хэмээн танилцуулсан залуугаас хэдэн зүйл тодруулсан юм. Үнэндээ дэлгэрэнгүй ярилцах боломж байгаагүй.
Гэрээр орж гарах гийчдийн хөл тасрахгүй байснаас тэр. Эднийх үзэсгэлэнд 3
гэртэй оролцож байгаа аж. Төрсөн дүүтэйгээ нийлж компани байгуулаад 12 жил болж
байгаа гэнэ. Одоо компани нь 6 хүнтэй болжээ. Бидний орсон 8 ханатай гэр бүх тавилгатайгаа
нийлээд 180 сая төгрөгийн үнэтэй. Урьд талын 6 ханат болохоор 110 сая төгрөг.
Тэрбээр “Монгол өв соёлыг түгээж, монгол хүний ур ухааныг дэлхийд таниулах зорилготой. Монгол гэрийг орчин үед оруулж, гэр гэдэг энэ гайхамшигт өвөөс тухайн үйлчлүүлэгч ямар сэтгэл ханамж авмаар байна, түүнд нь тааруулж, тултал нь хийж өгөхийг боддог. Захиалагч маань өөрийн адууны тамгыг сийлүүлмээр байна гэвэл бид түүнийг нь л дагадаг. Сийлбэрийг засч болдоггүй учраас алдаж болохгүй тийм нарийн ур” гэсэн юм.
Ур хийцийн хувьд үнэхээр гайхамшигтай байна гэдгийг орж ирсэн хүн
бүр шагшиж байсан. Хижээлдүү насны нэг эр тавилганых нь сурыг үнэрлэж, бүр
хазаж үзнэ лээ. Учрыг лавлатал “Жинхэнэ эсэхийг нь үзэх гэсэн юм. Зах дээр
зарагдаж байгаа сур хуурамч юм билээ. Энэ бол жинхэнэ юм байна” гээд гарч одсон.
Анх
дагалдангаас ажлаа эхэлж байсан ах дүү хоёрын бизнес өргөжиж, өнөөдөр АНУ-ын жуулчны
нэгэн компаниас 10 гэрийн захиалга аваад сууж байна. Алс холын Америкаас тэдэнд
2 ширхэг том гэр, 8 ширхэг 5 ханатын захиалга өгчээ. Гэрүүд бэлэн болсон бөгөөд
наадмын өмнө эздэдээ очих гэнэ. Гадны захиалгын гэрүүд Хүннү загварынх. Өөрөөр
хэлбэл, эртний хээ, угалз оруулж хийсэн, чамин хийцтэй аж. Арав гаруй жилийн
хугацаанд тэд 60 гаруй гэр хийсэн байна. Өнөөдөр ч захиалгаар тасрахгүй байгаа гэсэн.
Дараагийн
сонголт маань “Бүүвэй” брэнд буюу хонины нэхийгээр олбог хийдэг хос байлаа. Эднийх
хонины нэхийн дээр “Эзэн Чингис хааны онги, тамга”-ыг хийж үзүүлэн болгож
тавьсан нь, мөн хоёул үндэсний дээлээ өнги ижилсүүлэн өмсөж гоёсон нь олны
нүдийг хужирлаж, хүмүүс очих шалтгаан болж байсан болов уу. Тэд “Орлого сайн
байна. Энэ 3 хоногт авчирсан бүтээгдэхүүнээ бараг борлуулаад дууслаа. Гадны
жуулчдаас гадна монголчууд маань маш ихээр сонирхож, худалдан авч байна” гэсэн
юм.
Өрхийн тэргүүн М.Бадамринчин “Хонины нэхийгээр
яагаад заавал нэхий дээл л хийх ёстой гэж. Ийм санаа төрснөөс хойш нэхийгээр юу
хийж болох вэ хэмээн бодож байгаад олбог хийхээр шийдсэн. Манай бүтээгдэхүүн 60
мянгаас 2 саяын хооронд үнэтэй. Загварыг нь өөрөө гаргадаг. Сардаа 300 орчим
нэхий авч бүтээгдэхүүнээ хийдэг. Хэмжээнээсээ хамаарч зөвхөн дэвсэх бус
гэрийнхээ интерьерт ашиглаж болно. Хонины нэхий зөвхөн дулаан чанараас гадна стресс
буулгадаг сайн талтай” гэсэн юм. Тэд зөвхөн олбог хийдэггүй аж. Хажуугаар нь
үйл урлана. Эхнэр Э.Өлзийжаргал нь хурган дээл хийдэг гэнэ. Хурганы арьсыг өөрсдөө
боловсруулдаг ажээ. Биднийг ярилцаж байх зуурт үйлчлүүлэгчид тасарсангүй. Зарим
нь худалдаа хийгээд явах нь үзэгдэнэ. Зарим нь хэмжээгээ өгөөд захиалж байх
жишээтэй.
Ийм ажилсаг хөдөлмөрч залуустай уулзаад, гайхалтай уртай монгол урчуудыг хараад үнэхээр бахархах сэтгэл төрснөө нуухгүй. Монгол өв соёлоо нийтэд түгээж, дэлхийд таниулах гэж зүтгэж буй залуу үеийг хараад өөрийн эрхгүй бахархал төрж байлаа.