ОРХОН: Э.Жаргалбат: Зөөлөн буйдан дээр удаан тухлах, хөлөө ачиж сууснаас болж нурууны мурийлт үүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-28 14:30:45
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Нуруу, нугалмын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар “Мажаа” эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны их эмч Э.Жаргалбаттай  ярилцлаа. Тэрээр нугалмын хөдөлгөөн заслын магистр цолтой юм.

-Бид таван цул эрхтэнээ өвчилчихвий гэж эмээдгээс бус нурууны өвчлөлийг нэг их тоодоггүй. Гэтэл хүний дотор эрхтэний өвчлөлд нурууны суулт, муруйлт, хайзалт их нөлөөлдөг. Тэгэхээр эрүүл байя гэвэл нуруунаасаа эхлэх хэрэгтэй юм шиг байна?

-Тийм. Нурууны суулт, муруйлтыг ойшоож үздэггүйгээс болж олон өвчний суурь үүсдэг.  Тиймээс хүүхдийг багааас нь зөв суулгаж, хэвтүүлж сургах хэрэгтэй. Европ анагаах ухааны  шинжилгээгээр тухайн хүн хэвийн гэж гарсан ч цаагуураа бие нь тамирдаад байгааг хүмүүс юунаас болов гэж дахин эрж, хайдаггүй. Шинжилгээгээр хэвийн гарсан юм чинь зүгээр гэж бодоод яваад байдаг. Гэтэл өвчин үүсгээд байгаа, биеийг тамирдуулаад буй суурь, хүчин зүйлээ эмчлэлгүй явсаар хор, уршиг  нь олон жилийн дараа гардаг. Бидний тулгуур эрхтэн тогтолцоо буюу яс, 31 нугалмын буруу байрлал нь нуруунд өгч буй ачааллаас шалтгаалаад өвдөлт, зовиураар мэдрэгддэг. Энэ нь их энгийн байдлаар илрэх буюу нуруу чилж өвддөг. Үүнийг тоохгүй явсаар сүүлдээ нуруу бөгтийж, мурийж эхэлдэг. Цаашлаад үе хоорондын зай ойртож, жийргэвчний цүлхийлт үүсч мэдрэлийн судлууд дарагддаг. Нуруунаас салаалж байгаа мэдрэлийн судлууд нь дарагдсанаар дотор эрхтэнд очих цусан хангамж муудаж, цусны эргэлт багасдаг. Иймд амьдралын зөв хэв маяг, дадлыг хэвшүүлье гэвэл нуруу, нугалмын талаарх зөв ойлголтоос эхлэх хэрэгтэй юм.

- Нуруу мурийхад юу нөлөөлж байна вэ?

-Хүмүүс хөлөө байнга ачиж сууж байгаа харагддаг. Энэ бол нуруу мурийхад хамгийн их нөлөөлдөг. Та өөрийгөө анзаараад үзээрэй. Суухдаа баруун, зүүн хөлийнхөө алийг нь ачиж сууж байна, хэвтэхдээ аль тал руугаа харж хэвтэж байна гээд. Зарим хүмүүс өвдөг хүйт оргиод байна, хөл, гар гээд дөрвөн мөч байнга хүйтэн байна, бөөр ч юмуу нуруу ч юмуу нэг юм татчихлаа гээд байдаг. Гэтэл бүсэлхийн 2,3 дугаар нугаламд бөөр лүү явж байгаа мэдрэлийн салаа байдаг. Бүсэлхийн нугалмаас бөөрний судас тэжээгддэг бөгөөд тэр нь дарагдчихаараа бөөрний тамир, тэнхээ алдагдаад байгаа юм. Ингээд хөл, гар байнга даарах, давсаг сулрах, өглөө, оройдоо хөлний ул халуун оргих эсвэл хүйтэн оргиод эхэлдэг. Европ анагаах ухаанаар шээсний шинжилгээ өгөхөд мочивин алдагдан бактери ихэссэн шинж тэмдэг илрэх ч айхтар зовиур өгөхгүй бол хүмүүс хэвийн гэж бодоод яваад байдаг. Гэхдээ л тамирдаад байгаа нь анзаарагддаг. Тиймээс та тамирдаад, сульдаад байгаа бол эхлээд нуруугаа оношлуулах хэрэгтэй юм.

Мөн нуруу, хүзүүний нугалам мурийснаас болж тархи руу очих цусан хангамж муудаж яваандаа нозойрч, унтаархаад байдаг. Зарим хүн унтсан мөртлөө огт амарч чадсангүй гэж хэлээд байгаа нь үүнтэй холбоотой юм. Миний хийсэн ажиглалт, судалгаагаар Биеийн Жингийн Индекс буюу таргалалт 24.9-өөс дээш байгаа хүний бүсэлхийн нум нь тэгшрэх янзтай болчихдог. Манай эмнэлэгт үзүүлэхээр ирсэн 380 хүний 82 хувь нь илүүдэл жинтэй байсан бөгөөд үүний 49.3 хувийнх нь бүсэлхийн нум нь тэгширсэн байна. Үлдсэн 39 хувийн нум нь урагшаа гулсалттай байсан. Энэ нь зөөлөн буйдан дээр байнга хэвтэж, суудагтай холбоотой. Нум урагшаа болно гэдэг зөөлөн сандал, буйдан байнга хэрэглэдэг гэсэн үг. Үлдсэн 10 хувийнх нь бүсэлхийн нум хэвийн байсан. Таргалалт хүний биеийн бүтцэд ямар өөрчлөлт оруулж буй ганц жишээ дурдахад энэ байна. Хүн таргалахад нуруунд ирэх ачаалал хэд дахин нэмэгддэг гэдгийг мартаж  болохгүй юм.

-Биднийг бага байхад аав, ээж, багш нар “Цэх суу” гэж байнга хэлдэг байж билээ. Одоо ийм шаардлага тавьдаг нэг ч хүн алга даа.

-Уламжлалт анагаах ухаан гэдэг бол ардын эмчилгээгээр хэрэглээнд танигдаад шинжлэх ухааны нотолгоонд хөгжсөн байдаг. Энэ нь багаас аав, ээж, эмээ, өвөөгөөр дамжиж ирсэн ч гэж хэлж болно.  Харин уламжлалт ахуй, соёлоосоо алсарч буй энэ нийгэмд хүүхэддээ анхааруулж, хэлж ярьдаг эцэг, эх, эмээ, өвөө нар ховор байна. Тэд л хүүхдийг цэх суулгах зөв дадалд сургана шүү дээ. Бидний багад хүүхдүүд их хөдөлгөөнтэй байсан. Байнга гадаа тоглож хэвтэж, сууна гэсэн ойлголт байдаггүй байлаа. Гэтэл одоо зөөлөн буйдан дээр хэвтэж байгаад зурагт үзэж байна, гар утсаар тоглож байна. Энэ хөдөлгөөгүй байдал нь ердөө 5,10-хан жилийн дараагаас эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөөд эхэлдэг юм. Тиймээс хүүхэддээ хайртай л бол  нуруу, нугасыг нь хайрлаж, гамнаж байх хэрэгтэй юм.

-Нурууны үе хоорондын нугалам нь нийлчихсэн тохиолдлууд цөөнгүй гарч байна гэж та ярилцлагын өмнө хэлсэн.  Энэ юунаас үүсдэг юм бол?

-Уг нь хүний нурууны үе хооронд зай байх ёстой. Гэтэл зарим хүний үеүд нь нийлсэн байгаа нь төрөлхийнх болон гэмтлийн шалтгаатай юм. Ураг эхний хоёр сартайгаасаа яс нь хөгжиж эхэлдэг. Хэрэв ураг энэ хугацаандаа хэвийн байсан бол төрөх үеийн явц эсвэл бүр нялхаас нь хүүхдийг буруу суулгаж, хэвтүүлсэнээс ясжих хэсэгтээ үеүд нь хоорондоо наалдсан байх магадлалтай. Нурууны үеийг рентген зургаар харж мэдэх учир хүүхдийг нялх байх эсвэл бага настайд нь оношлох боломжгүй юм. Мөн хүүхдийн нярай үед хотгор, гүдгэр, нум гэдэг зүйл үүсээгүй байдаг учир багад нь мэдэх боломжгүй.

-Зарим хүний нүүр далий харагдаад байдаг. Энэ нь нурууны өөрчлөлтэй бас холбоотой юу?

-Холбоотой. Хүний бие тэгш хэмтэй байх ёстой. Энэ тэгш хэм алдагдахад нүүрэнд шууд мэдрэгддэг.


Зарим хүн зургаа авахуулахаараа миний чих дээр, доор байна, би гилжгий харагдаад байна гэдэг. Тэр бол таны биеийн тэгш хэм алдагджээ л гэсэн үг юм. Тэгш хэм алдагдаж байгаагийн гол шалтгаан бол та байнга нэг талруугаа харж суудаг, хэвтдэг гэсэн үг.

Булчингийн ой санамж гэж байдаг. Таны бие ямар байрлалд байнга байна булчин яг тэр хэвээр нь саначихдаг. Энэ нь сүүлдээ өөрт нь тухтай мэт санагдсаар нэг мэдэхэд бүр дадал болчихсон байна. Ингээд яваандаа далийж хэвтдэг, суудаг хэсгийн нугалам дарагдаж хүзүү гилжийж ирдэг. Нярай хүүхдийг хоёр тал руу нь байнга ээлжилж харуулж хэвтүүлээд байдгийн учир энэ юм. Зөв дадалд сургах гээд байна гэсэн үг юм.

-Сүүлийн үед хүмүүс нурууны мэс ажилбар их хийлгэж байна. Мэс хүргэхгүйгээр үүнийг эмчлэх арга хэр олон байдаг юм бэ?

-Бид аливаа өвчнийг хүндэрч, ужиграхаас нь өмнө анагааж, эмчилж, зогсоож чадна. Жишээ нь нурууны үе хооронд нийлсэн тохиолдолд түүнээс шалтгаалах дараагийн өвчнөөс нь урьдчилан сэргийлж чадах юм. Ер нь шууд хагалгаа хийлгэх нь тийм ч оновчтой шийдвэр биш. Жишээ нь осолд ороод нурууных нь 9,10 дугаар нугалам чихэгдсэн үйлчлүүлэгчдэдээ бид хоололт болон амьдралын хэв маягаа өөрчлөхийг санал болгодог.

-Уламжлалт анагаах ухаанд нуруу, нугалмын өвчнийг эдгээх шинэ аргачлал, эмчилгээний арга барил хэр хөгжиж байна вэ? Энэ талын судалгаа, мэдээлэл байвал та хуваалцаач?

-Сүүлийн хоёр жилд Азид төдийгүй Европод нуруу, нугалмыг эмчлэх эмчилгээний  шинэ аргачлал хөгжиж байна. Японд жудо бөхийн бариа гээд өөрийн өвөрмөц онцлог бариа, засал байдаг бол Германд  хүмүүсийн хэлдгээр “блок” гаргах эмчилгээ түлхүү хөгжиж байна. Манай монголчууд шиг бүтэн биеийн бариа, засал гэхгүй зөвхөн блок гаргах, дасгал хөдөлгөөн хийлгэж үүнийгээ шинжлэх ухаан талаасаа тайлбарлаж нотлоод байна. Азид бариа, засал сайн хөгжсөн. Харин сүүлийн үед Европод уламжлалт анагаах ухаан эрчимтэй хөгжиж эмчилгээнийнх нь  төлбөр ч өндөр, эмч нар нь ч нэр хүнд сайтай, эрэлт ихтэй болсон байна.

-Хүзүү гоёодчих тохиолдол олон байдаг. Энэ бас нурууны өөрчлөлттэй холбоотой юу?

-Хүзүү гоёодоод хөдөлгөөгүй болчихлоо гэдэг. Энэ нь хүзүүний нугалам дээр булчин руу явж байгаа мэдрэл цочирчихдог гэсэн үг юм. Өнгөц булчин цочирсон бол хэвийн болохдоо амархан бол гүний булчин цочирсон үед засал их шаардагдана, хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй болдог. Хүзүүний булчин цочирч буй шалтгаан нь удаан хугацаанд нэг байрлалдаа  сууж, хэвтэж, амарч байна гэсэн үг. Мөн нэг талруугаа далийж суух, хөлөө ачиж сууснаас болж биеийн хүндийн төвийн ачаалал нэг талдаа ирсэнээс болж мэдрэлийн судлууд дарагдаж дараагийн сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа юм.

Жишээ нь аарцагны гажилт их байна.  Энэ бол зөөлөн буйдан дээр удаан хугацаанд хазайж, далийж суусантай холбоотой. Хөлөө ачиж сууснаас болж өндгөвчний үрэвсэлтэй болох цаашлаад үргүйдэлд хүргэдэг гэдгийг хүмүүс мэддэггүй.

Адаглаад жирэмслэх явц ч удааширна. Хөл бадайрлаа гэдэг. Ийм тохиолдол байнга гардаг бол эрэгтэй хүний түрүү булчирхай үрэвсэж шохойжилт үүсэх магадлалтай юм. Эмэгтэйчүүдэд бол цэвэршилт эрт эхлэх жишээтэй. Тэгэхээр нэг их чухал биш мэт бодогдож байгаа зүйл чинь ийм олон сөрөг үр дагавар үүсгэдэг гэдгийг мэдэх хэрэгтэй юм.

-Сурагчийн цүнхний жингийн стандарт гэж бий. Үүнийг үл ойшоосноос болж хүүхдүүдийн нуруунд бас өөрчлөлт гарч байгаа байх. Та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүн биеийн жингийнхээ 10-15 хувьтай тэнцэх зүйлсийг л даадаг. Тэгэхээр 6-12 насны хүүхдүүд хэт хүнд цүнх үүрсэнээс болж нуруунд нь ачаалал ирж мурийж, далийж эхэлдэг. Яг энэ насанд хүүхдийн нурууны нум үүсч байдаг. Хэрэв энэ үед хүнд зүйлс үүрүүлээд байвал нурууны буруу хөгжил үүснэ. Ингээд хамгийн багадаа таван жилийн дараагаас нуруу нь өвдөж эхэлнэ. Мөн хүнд цүнх үүрсэн үеэс аарцагны гажиг үүсч эхэлдэг. Хэрэв энэ бүхнийг мэдэж л байгаа бол яг одооноос засах хэрэгтэй юм. Манай эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь цээж нь хавчиг, мөр нь урагшаа болсон байсан. Тэд олон жил буруу суусан л гэсэн үг. Тэгээд эцэг, эхэд нь сайн хэлээд битгий ингэж суулгаарай, та сайн зааж зөвлөөрэй гэхэд өөрсдөө хариуцлага алдаад  бүр дордуулаад аваад ирдэг. Тэгээд, -Хүүхэд чинь өвдчихлөө гэдэг. Миний хүүхэд биш өөрийнх нь хүүхэд шүү дээ. Хүүхэддээ хайртай л бол тэдний эрүүл мэндийн төлөө томчууд өөрсдөө хичээх хэрэгтэй.  Монгол хүнд аливаа зүйлээс урьдчилан сэргийлье гэдэг ойлголт маш бага. Энэ нь эрүүл мэнддээ хандах хандлагаас нь их харагддаг. Аль болох өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв өвдвөл өрхийн эдийн засагт ч хүндрэл учирна гэж боддог байх учиртай юм.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ