СЭЛЭНГЭ: Улаанбуудай тарьсан талбайн 90 гаруй хувьд соёололт жигд, чийгийн хэмжээ зохих түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-23 12:08:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын баг энэ сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллалаа.

 

Тэд хаврын тариалалтын урьдчилсан дүн, соёололт, хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгосон дэмжлэг, хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн явцтай танилцаж байна.

 

2023 оны хаврын тариалалтад зориулж ХААДС-гаас олгосон элит үрийн хээрийн соёололтыг шалгах ажлын баг Сэлэнгэ аймгийн 6 сумын 28 аж ахуйн нэгжийн улаанбуудайн тариалалт, соёололттой танилцлаа.

 

Ажлын багийн дүгнэлтээр хаврын тариалалт дунджаар 94 хувийн соёололттой гарсан байна.

 

Ингэснээр энэ жилийн нийт улаанбуудай тарьсан талбайн 90 гаруй хувьд соёололт жигд, чийгийн хэмжээ зохих түвшинд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ