Беларусийн сөрөг хүчин 12 жилийн дараа парламентад төлөөлөлтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-13 10:18:27

МИНСК. /KAZINFORM/. Өнгөрсөн амралтын өдөр болсон Беларусийн парламентын сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигчдээс ганцхан хүн ялжээ. Сүүлийн 12 жилийн хугацаанд Беларусийн сөрөг хүчин парламентад анх удаагаа төлөөлөлтэй болж байгаа нь энэ аж.

Тус улсын Сонгуулийн комиссын мэдэгдсэнээр, парламентын доод танхимын 110 суудлын төлөөх өрсөлдөөнд сөрөг хүчний Иргэний Нэгдсэн намын гишүүн Анна Канопацкая ялжээ.

Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзвэл, хатуу чиг шугам баримтлагч Ерөнхийлөгч Александр Лукашенкод үнэнч хууль тогтоогчид үлдсэн бүх суудлыг нь авах төлөвтэй байна.

Урьд нь сөрөг хүчнийхэн сонгуульд оролцох тийм ч амаргүй байжээ.

Беларусьт ил тод байдлыг хангахыг барууны улсууд уриалах болсноор сөрөг хүчний нэр дэвшигчид сонгуульд оролцох болсон байна.

Энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг тоолоход гадаадын ажиглагчид хяналт тавьжээ.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын ажиглагчид Беларусийн сонгуулийг “нээлттэй бөгөөд ил тод болсон” гэж дүгнэлээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ