ӨВӨРХАНГАЙ: Сэргээн засах анагаах ухааны эмч нар аймгийн БОЭТ-д ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-21 18:08:34

Арвайхээр /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Сэргээн засах анагаах ухааны төвийн эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй баг аймгийн БОЭТ-д ажиллалаа.


Энэ үеэр тархины харвалт, тархины саажилт, нугасны гэмтэл, захын мэдрэлийн эмгэг, үе, зөөлөн эдийн төрөл бүрийн эмгэг, гэмтлийн үзлэг, оношилгоо, эмчилгээг хийж, сэргээн засах анагаах ухааны орчин үеийн хөгжлийн чиг хандлагын талаар эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсан юм.



“Улсын хэмжээнд сэргээн засахын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь яс, булчингийн тогтолцооны эмгэгтэй байдаг. Яс хугараагүй бол яахав гээд тоохгүй байж болохгүй. Зөөлөн эдийн гэмтлийг заавал өртөг өндөр MRI, компьютер томографаар харах шаардлагагүй. Харин үнэ, өртөг багатай, биед аюулгүй, хэт авиан үений ЭХО-оор оношлох арга нэвтэрч байна” хэмээн АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн ахлах багш, Анагаах ухааны доктор Ш.Батчимэг хэллээ.



Аймгийн БОЭТ-ийн Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасагт мэдрэлийн тархины саажилт, түнх, өвдөгний үе бүтэн солих хагалгаа болон гэмтлийн дараах  сэргээн засах эмчилгээг хийдэг аж. Тус тасгийн их эмч Т.Гончигсүрэн “Сүүлийн үед амьдралын буруу хэвшил, техник технологитой холбоотой осол гэмтэл, хөдөлгөөний дутагдлаас болж хөдөлмөрийн чадвар алдагдах өөрчлөлт их гарч байна. Үүнийг дагаад сэргээн засах анагаах ухаан шинээр хөгжиж эхэлж байгаа. Гэвч энэ эмчилгээ, сувилгаа нь багийн ажил учраас манай тасаг хүний нөөцийн дутагдалтай байдаг” гэж байв.


Сэргээн засах эмч нарын баг Өвөрхангай аймгаас эхлүүлж буй үзлэг, оношилгоо, эмчилгээ, сургалтаа бусад аймагт үргэлжлүүлэх аж. 








Холбоотой мэдээ