Газрын тосны хайгуулын ажлыг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-12 19:03:22

Увс аймгийн Тэс суманд газрын тосны хайгуул хийж байсан “Монголиа Гладвилл Увс Петролиум” компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна.

Тус компани нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ зөрчсөн байжээ. Өнгөрсөн оны 8-р сараас эхлэн Увс аймгийн Малчин суманд газрын тосны хайгуул хийгдсэн бөгөөд 19 сумын 12-т нь хайгуул хийх зөвшөөрлийг “Монголиа Гладвилл Увс Петролиум” компани авсан байдаг.  Хэдийгээр Малчин суманд 1260 м болон 920 метрийн гүнтэй хоёр цооног өрөмдсөн ч газрын тос илрээгүй юм.

Энэ жилийн тухайд Тэс, Зүүнговь, Наранбулаг сумын нутгийг хамруулан 520 км тууш газарт чичирхийллийн 2D судалгааны ажил хийхээр төлөвлөсөн байжээ. Гэвч Наранбулаг сумын 90 км-ын ажлыг дуусгаж, Тэс, Зүүнговь сумын 410 км тууш газрын чичирхийллийн 2D судалгааны ажлыг эхлэж байгаад нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Энэ дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж ажиллаад зөрчлөө засах хүртэл нь тус компанийн үйл ажиллагааг  тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ