ТӨВ: Үерийн улмаас 760 га газарт дахин тариалан эрхлэх боломжгүй болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-15 16:00:01

Зуунмод /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-ны 17.00-18.00 цагийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант суманд хүчтэй аадар бороо, мөндөр орж үер буужээ. Үерийн улмаас нутгийн зарим хэсэг усанд автан, зам талбай нурж, мал урссан байна.


Үүссэн нөхцөл байдлын талаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяагаас тодруулахад, Эрдэнэсант суманд болсон түр зуурын аадар борооны улмаас үер бууж нэг хотны хоёр айлын 680 гаруй толгой мал үерт урссан. Үүний 428 толгой мал хорогдсоноос 372 хонь, 56 ямаа байсан.


Тус сумын төвд дөрвөн айлын банзан хашаа нурсан. Гурван машин замын хажуугийн үерт автаж шаварт суусан байсныг гаргасан.


Мөн Баян-Уул сумын Буянт багийн иргэн Н, П гэх хоёр иргэний таван ханатай гэр нурсан.


Тариалангийн талбай болох дөрвөн аж ахуйн нэгжийн 1060 га газар мөндөрт цохиулж, 760 га газар дахин тариалан эрхлэх боломжгүй болсон. Харин 300 га талбай нь сэргэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.


Авто замын 192-195 тэмдэгтийн хооронд зорчих хөдөлгөөн хаагдаж нэг том оврын машин унасан, 3 машин замын хажуу талруу орсон байдалтай байсан.


Эрдэнэсант сумын ЗДТГ-ын гурван автомашинтай 14 ажилтан үүссэн нөхцөл байдлын газар дээр нь очиж ажилласан. Иргэний амь, эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй” гэв.

 

Холбоотой мэдээ