Дэлхийн лалын шашинтнуудын их мөргөл болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-12 14:33:03

ЭР-РИЯД. /АР/. "Хаж” буюу лалын шашинтнуудын их мөргөл үйлдэх жил тутмын ёслолд оролцохоор Саудын Аравийн ариун хот болох Меккад хүмүүс үй олноороо хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан тус улсын холбогдох албаны хүмүүс аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байна.

Өнгөрсөн онд хэтэрхий олон хүн цугласны улмаас шахцалдаан болж, 700 гаруй хүн амиа алдаж байсан юм. Тэдний 400 гаруй нь Ираны иргэд байжээ.

Энэ хэргийг зохих журмын дагуу мөрдөн шалгахгүй байна гэж Саудын Аравиг Ираны Засгийн газар шүүмжилсээр байгаа юм.

Саудын Аравийн эрх баригчид их мөргөлийн үеэр олны хөл хөдөлгөөнд тавих хяналтыг улам чангатгаж байна.

Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн энэ оны их мөргөлийн ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн лалын шашинт 1.5 сая гаруй хүн оролцож байгаа ажээ.

Амьдралдаа наад зах нь нэг удаа “хаж”-д оролцвол эрүүл чийрэг биетэй, саруул ухаантай болдог гэж лалын шашинтнууд үздэг гэнэ.

Мөргөл үйлдэх ёслол нь Мекка хот болон түүний ойролцоох газруудад 5-6 хоног үргэлжилнэ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ