ЗАВХАН: Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай /МОНЦАМЭ/. Аймгийн
Нэгдсэн эмнэлгийн эрэгтэйчүүдийн
кабинетыг шаардлагатай тоног
төхөөрөмжөөр хангалаа.
Аймгийн Засаг даргын дэмжлэгээр эрэгтэйчүүдийн кабинетийн үйл ажиллагааг дэмжиж, орон нутгийн хөгжлийн сангийн 19.5 сая төгрөгийн өртгөөр 12 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж хүлээлгэн өглөө.
Эрэгтэйчүүдийн
кабинет нь үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгөхөөс гадна эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болох түрүү булчирхайн дурангийн хагалгааг хийж эхэлсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл чийрэг монгол хүн” зорилтот ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2022 оноос эхлэн аймгийн Нэгдсэн
эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн дэргэд эрэгтэйчүүдийн кабинетыг байгуулан
мэргэжлийн эмч, сувилагчаар хангаж үйл ажиллагааг нь явуулж байна. Мөн энэ кабинетад
ажиллаж байгаа эмч,сувилагч нарыг мэргэшүүлэн
сургаж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд зориулсан ээлтэй үйлчилгээг олон нийтэд
хүргэж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Завхан аймаг 73.8 мянган хүн амтай, үүний 49.9 хувь нь эрэгтэй. Өнөөдрийн байдлаар эрэгтэйчүүдийн 30 хүрэхгүй хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг. Харин эрэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь бие нь өвдөхгүй бол эмнэлэгт хандаж үзлэг оношилгоонд хамрагддаггүй байна.
Тус аймагт эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 1.5 дахин их буюу, нас барсан 10 хүний зургаа нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байна. Эрэгтэйчүүдийн нас баралт 15 наснаас эхлэн эмэгтэйчүүдээс их болж, 45 наснаас огцом нэмэгджээ.
Харин
хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 3.3 дахин илүү байна.
Тиймээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгаа талаар аймгийн Нэгдсэн эмнэлгээс нэмж
мэдээлэв.