Испанид энэ жил хамгийн халуун хавар тохиожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМАДРИД. /DW/. Испанид энэ жил хамгийн халуун хавар тохиосон талаар тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ. Мөн цаг уурын ажиглалтын түүхэнд хоёрдугаарт бичигдэх хуурайшилттай хавар болж өнгөрчээ.
Испанийн Байгаль орчны яамнаас мэдээлснээр, энэ оны гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний хооронд агаарын дундаж температур цельсийн 14.2 хэм байжээ.
Энэ нь 1991-2020
оны дунджаас 1.8 хэмээр халуун байсан гэсэн үг юм. Түүнчлэн 1997 онд бүртгэгдэж
байсан өмнөх дээд үзүүлэлтээс 0.3 хэмээр халуун байжээ. Гэхдээ эдгээр тоон
үзүүлэлт нь эх газрын Испанид хамаарах бөгөөд Канад, Балеарын арлуудыг
оруулаагүй байна.
“Өнгөрсөн дөрвөн
улирлын гурав нь түүхэн дэх хамгийн халуун улирал болж бүртгэгдлээ. Температурын дээд
үзүүлэлт эвдэгдэхэд бид дасаж эхэлж байна” гэж Цаг уурын агентлагийн хэвлэлийн
төлөөлөгч Рубен дель Кампо ярьжээ.
Цаг уурын
агентлагийн цаг уурч Эстрелла Гутьерресийн мэдээлснээр, Испанид энэ жил ер
бусын халуун зун болох “өндөр магадлалтай” байгаа бөгөөд ялангуяа эх газрын
зүүн хагас, Канар, Балеарын арлуудад халуун байх төлөвтэй байна. Гэхдээ Д.Кампо
хэлэхдээ, энэ жил 2022 оны зуны халууныг давж халах магадлал бага байна гэжээ.
Испанид энэ он
гарсаар эхний томоохон ойн түймэр гуравдугаар сард буюу ердийнхөөс эрт гарсан
юм. Түүнчлэн ган гачиг нүүрлэж байгаа нь хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг
эрс багасгаж байна. Газар дундын тэнгисийн энэхүү улс нь оливын тосны томоохон
экспортлогч бөгөөд дэлхийн нийт үйлдвэрлэлийн тэн хагас орчимтой тэнцэх хувийг
бүрдүүлдгээс гадна Европын Холбооны жимс, хүнсний ногооны хамгийн том нийлүүлэгч
юм.