ХОВД: Оцог ууланд олборлолт хийхийг түр зогсоохоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-07 13:11:15

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт байрлах Оцог уул (хад) хэмээх газарт "Талст Молор" ХХК  гянтболд буюу вольфром олборлох үйл ажиллагаа явуулж байгаа.  

Тус компанийн уурхайн талбайд хууль зөрчсөн асуудал удаа дараа гарч байна гэх гомдол мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлжээ. 

Тодруулбал, хамгаалалтын болон уурхайн ажилтнуудын хооронд зодоон, тэмцлийн асуудал гарсан. Үүсээд буй нөхцөл байдал, гомдлын дагуу Ховд аймгийн Засаг дарга захирамж гарган ажлын баг томилж, өчигдөр (2023.06.06) газар дээр нь ажиллалаа.

Улмаар холбогдох хууль, журмын дагуу хяналт шалгалт хийж, дүгнэлт гарган танилцуулсан юм. 

“Талст молор” ХХК нь 2017 онд ашиглалтын лиценз авч 2019 оноос хойш Оцог ууланд олборлолтын үйл ажиллагаа явуулж буй. Хөрөнгө оруулагч, үйл ажиллагаа явуулж буй талууд компанийн эзэмшигч, хуулийн этгээдийн эрх нь маргаантай. Талууд шүүхээр шийдвэрлэсэн гэх боловч маргаан, үл ойлголцол үргэлжилсээр. Зарим асуудал нь шүүхийн шатанд, эцэслэн шийдвэрлээгүй байна. Тиймээс дээрх ажлын багийн гишүүдийн зүгээс ямар нэгэн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, талуудын маргаан хуулийн дагуу бүрэн шийдвэрлэгдэх хүртэл уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоохоор шийдвэрлэлээ. Мөн хууль зөрчсөн, хүний эрүүл, мэнд, амь насанд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргахгүй байхыг компанийн төлөөллүүдэд анхааруулжээ. 

Холбоотой мэдээ