ДУНДГОВЬ: Ч.Галбадрах: Би Лантуун дохио ТББ, "Ид шидийн орон"-ы залуучуудтай учирсандаа маш их баярладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-06-05 11:07:45
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Бяцхан хүүхдүүдэд хайраа дэвсэж, байгаль эх дэлхийгээ хамгаалахад сэтгэлээ зориулан төмөр хийцээр түмэнд магтагддаг нэгэн эрхэм хүнтэй ярилцлаа. Түүнийг Ч.Галбадрах гэдэг.

Уурхайчин мэргэжилтэй тэрээр одоо “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд ажиллаж буй. Хүүхдийг хайрлах, тэдний төлөө юугаа ч харамладаггүй сэтгэл нь түүнийг ийнхүү “Ид шидийн орон”-той холбосон гэдэг. 


-Та өөрийгөө уурхайчин хүн гэдэг. Ямар жимээр яваад ”Ид шидийн орон”- той холбогдсон нь сонирхолтой байна?

-Тийм ээ, би уг нь уурхайчин хүн. Цагаан-Овоогийн нүүрсний уурхайгаас ажлын гараагаа эхэлж, дараа нь Тэвшийн говийн уурхайд анхны ажилчнаар очоод 1985-1989 онд тэнд мэргэжлээрээ ажиллаж байсан. Тэгээд хүүхдүүд том болж, сургууль, цэцэрлэгт оруулах хэрэгтэй байсан учраас 2000 онд аймгийн төвд нүүж ирсэн юм.

Энд ирээд Байгаль орчны албанд жолоочоор орсноос хойш 20 гаруй жил ажиллажээ. Хүүхдийг хайрлах, тэдэнд юугаа ч зориулахад бэлэн байдаг сэтгэл маань л намайг “Ид шидийн орон”-той уулзуулсан байх даа.

Энэ хэд маань төмрөөр юм хийдэг хүнийг хайж, судалсан шиг байгаа юм. Тэгээд надад анх хашаа хийлгэх санал тавьж, би зөвшөөрсөн. Үнэ хөлсөө 4,0 сая төгрөгөөр тохирч, 2,0 сая төгрөгийг нь хүүхдүүдэд хандивлаж, үлдсэнээр нь 2-3 хүн ажиллуулаад цалин болгож өгсөн. Тэнд төмрөөр хийх, гагнах бүх ажлыг гүйцэтгэж байгаад л ингээд байнгын ажилтан нь болсон байна.

Хүнд цалин, урамшуулал өгнө гэхээс илүү сэтгэлийн үг хэлэх, урам өгнө гэдэг гайхалтай зүйл. Лантуу дохио ТББ-аас энд сэтгэлээрээ ирж, манай “Ид шидийн орон”-г бариулах ажлыг удирдсан Ундраа маань явахдаа “Та нар Галаа ахыг алдаж болохгүй шүү, энэ хүн бол маш их үнэ цэнтэй хүн, ийм хүнийг олоход хэцүү” гэж хэлсэн нь намайг нааш нь татсан байх даа. Тэр үед би БОАЖГ-т жолоочоор ажиллаж байсан хэдий ч энэ хэд маань анхнаасаа намайг нэг ажилчнаа гэж тушаал гаргаад, одоо харин би тэтгэвэртээ гараад эндхийн ам бүлд албан ёсоор багтаад явж байгаа. Үг тийм хүчтэй, ямар ч хүнд урмын үг алтнаас ч илүү л хэрэгтэй байгаа юм.

Ер нь ч би хүүхдэд хайртай, цалингаа аваад ихэнхийг л хүний өөрийн гэлтгүй тэдэнд зориулчихдаг, аймгийнхаа цэцэрлэгүүдтэй байнга холбогдож, юу хэрэгтэй байна хийж өгч, мод тарьж, туслахыг хичээдэг дээ.


-Таныг Мандалговьд анхны мод суулгац зөөн авчирч, моджуулах ажлыг эхлүүлэхэд гар бие оролцсон хүмүүсийн нэг гэдэг. Энэ чиглэлээр мэргэшсэн тухайгаа хуучлаач!

-Энэ үнэхээр сайхан дурсамж шүү. Манай аймагт моджуулах ажил 2003 оноос эхэлсэн. Байгаль орчны албаны даргаар эхлээд Т.Базардар, дараа нь Х.Цэнд-Аюуш гэж хүн ажиллаж байсныг манай аймгийнхан мэднэ дээ. 2003 онд манай байгууллага Байгаль орчны алба болж тусдаа гараад энэ хоёр дарга мод тарих ажлыг эхлүүлж байсан юм. Тэр үед дарга, нярав, жолооч гээд гуравхан орон тоотой.

Цэнд-Аюуш (манай аймгийнхан “Аяа” гэж авгайлдаг) дарга бид хоёр хамгийн анх Өмнөговь руу очиж, Бараадууз гуайгаас анхны 5000 ширхэг суулгацыг ачиж ирж суулгасан. Хойд бор овооны баруун суга, энгэрийн болон зүүн хойд төгөлийн суурийг тавьсан.

Бид их олон мянган мод тарьсан. Аяа даргын шавь болж, Өмнөговиос яг 10 жил суулгац зөөсөн байдаг. Жилдээ доод тал нь 8,0, дээд тал нь 10,0 мянган мод зөөнө гэхлээр овоо тоо гарна даа.

2009 оны үед намайг шагналд тодорхойлох үед 60,0 мянган мод тарьсан гэж бичиж байсныг тод санаж байна. Анх мод тарьж эхлэхэд жаахан залхуу хүрч, хойрго ханддаг байсан ч сүүлдээ энэ ажилдаа үнэхээр дуртай болчихдог юм билээ.

2006 онд шиг санаж байна, Ш.Төрбат дарга аймгийн Засаг дарга байхдаа 25000 мод авчирч, түүнийг нь суулгаж байлаа.

Манай нярав С.Хишигжаргал гэж эмэгтэй байсан. Тэр бид 2 нүхээ ухаад, шөнийн 11 цаг болж байхад “Аяа” дарга саарал хөвөнтэй дээл өмсчихсөн, хормой нь дэрийтэл хөлдчихсөн л зогсож байдаг сан. Тэгж л байж аймгаа моджуулах, ногоон хэрэм байгуулах ажлыг эхлүүлж байж.


-Байгаль орчны алба маань хэзээ өргөжсөн бэ, одоо бол БОАЖГ болсон байна?

-Гурвуулхнаа л амрах, унтахыг умартан модны нүх ухаж, суулгаж, усалж тордох бүх ажлаа гүйцэтгэдэг байж байгаад 2005, 2006 оноос бүл нэмсэн.

Бүгдээрээ өглөө эрт цуглаж, хуваагдаад л өглөө 6 цаг гэхэд талбай дээрээ очсон байдаг байлаа. Хишгээ маань Гандангийн хойд талын төглийг хариуцдаг, би хойд цэнгэлдэх хүрээлэнгийн модыг хариуцдаг байсан. Өдөрт хэдэн талбайгаараа яваад л усалгаагаа хийнэ. Дарга нар маань машин унана гэхээс илүү намайг “яв, талбайгаа усал, талбайгаа эргэ” л гэнэ. Өдөржин хэдэн талбайгаа эргэж өнждөг байлаа.

Их ч юм сурсан. Сүүлдээ өөрөө зөвлөгөө өгдөг, мод тарьчихдаг хүн болсон шүү дээ. Хувиараа цэцэрлэгүүдэд 4000 гаруй мод тарьсан байна лээ. Эхнэр маань тарьсан модоо тэмдэглээд явдаг юм. Мод тарих их буян гэдэг дээ.



-“Аяа” даргыг манай аймагт мэдэхгүй хүн цөөн л дөө. Мундаг ч мэргэжилтэн, хөдөлмөрч хүн. Одоо Өлзийт хороололд мод тарьж байгаа гэж дуулдсан. Энэ хүн говьд мод тарихад юуг анхаарах ёстой гэж зөвлөж байсан бэ?

-Ер нь манай Байгаль орчны алба анх байгуулсан цагаас л сэтгэлтэй, байгаль орчноо хамгаалах хүсэлтэй дарга нартай байсан гэж боддог. “Аяа” даргын хувьд аймгийнаа 15 сумыг цэцэрлэгжүүлж, ногоожуулж, ойн төгөл байгуулах гэж хамгийн их зүтгэл гаргасан хүн гэж боддог юм. Одоо энэ хойд овоог тойроод ургаж байгаа олон мянган мод тэр хүний сэтгэл, хөдөлмөр, зүтгэлээр л ургасан юм шүү дээ.

Тэр хүн энд тэнд явж маш их зүйлийг судалж, түүнийгээ хооронд нь харьцуулж, тэндээс хэрэгтэйгээ олж хардаг, шинийг эрэлхийлдэг хүн байгаа юм. Тэр үед бидэнд одоогийнх шиг бэлэн бордоо энэ тэр байсангүй, төмөр пошконд бууц хийж, дээрээс нь усаар дүүргээд бордоогоо бэлтгэж, модоо усалдаг байлаа. Гол бордоо маань бууц л байсан.

“Аяа” дарга “модыг анх тариад ханатал нь усал, дутуу усалвал л мод маань үхнэ” гэж захьдаг байсан. Энэ л чухал юм билээ. Одоо ч манай мэргэжилтнүүд энэ л зөвлөгөөг дагадаг даа.


-Таныг төмөр хийцээрээ олонд танигдсан, их үзэмжтэй хийдэг гэж хэрэглэгчид ярьдаг. Сүүлийн үед хогийн савыг янз янзаар нь хийж тавьж байна. Ус, ундааны сав цуглуулах, хог ангилан ялгах сав гээд таны хийсэн бүтээл их үзэмжтэй, бас авсаархан, цэвэрхэн. Энэ санаа, дизайнаа яаж гаргадаг вэ?

-Ах нь Байгаль орчны албанд эхлээд жолоочоор ажиллаж байгаад сүүлд жижүүр болсон. Жолооч байсан үеийг бодвол харьцангуй завтай болоод төмөр нүдээд эхэлсэн чинь яг ийм хэрэгцээ хүмүүст их байдгийг мэдэж авлаа. Тэгээд 2018 онд багажаа сайжруулж, хамгийн эхлээд гүйдэг, хашааны дааман хаалга хийж эхэлсэн.

Өмнө нь надад гагнуурын аппарат, ойр зуурын багаж байсан л даа. Бусад жижүүр, ажилчидтайгаа хамжаад байгууллагынхаа гадна талын тохижилтын ажлыг хийж, төмөр, сараалжин хашааг нь хийсэн. Тэр үед байгууллагууд гаднаа тийм хашаагүй байсан ч юм уу, ирж судлаад, яг манайх шиг хашааг дараа нь олон байгууллага хийсэн байдаг.

Түүнээс хойш 2000 гаруй метр хашаа хийсэн байна лээ. Санааг олно гэдэг маш олон өдрийн, сарын бодлын үр дүн байдаг байх даа. Хүний хийсэн зүйлийг харна, сайжруулах талаас нь бодно, чанартай, үзэмжтэй хийх гэж хичээнэ.



Хамгийн чухал нь чанартай л хийхийг хичээдэг. Отрын сууц, дугуйн зогсоол, эмнэлгийн хортой хог хаягдал хаях чиргүүл, ундаа, усны сав цуглуулах хогийн сав, хог ангилан ялгах сав, хашаа, төмөр хаалга гээд төмрөөр хийж болох бүхий л зүйлийг хийдэг. Энэ бүхэн маань бидний, хүмүүсийн хэрэгцээнээс л гарч ирдэг юм. Ихэвчлэн захиалгаар хийдэг дээ. Аливаа юм буух эзэнтэй, буцах хаягтай байвал амар шүү дээ, ямар нэг эвдрэл гарлаа гэхэд эргээд засаад, янзлаад өгнө.  

Ер нь хогийн савны хэрэгцээ маш их байна гэдгийг мэдээд байсан. Хогийн савыг БНХАУ-аас голчлон оруулж ирдэг, тэр нь эдэлгээ даахгүй, дороо л хэмхэрчихдэг учраас удаан хугацаанд ашиглаж болох, бас хөөрхөн үзэмжтэй хогийн сав хийхсэн гэж бодоод байлаа. Хамгийн анх Дэлгэрхангай сумын Тарагтын уурхайн компани захиалга өгөөд ундаа, усны сав цуглуулах хогийн сав хийсэн. Яг ийм сав 40 орчмыг хийсэн байх. Хийх тусам сайжруулаад, түрж явах боломжтой болгохын тул дор нь дугуйтай хийж байна. Чанар, үзэмж, хүний хэрэгцээх хангах талаас нь харж бүтээгдэхүүнээ хийхийг хичээдэг дээ. Бас захиалга өгсөн байгууллагын онцлог, зорилгыг чухалчилж, түүнтэй уялдуулдаг юм.



Жишээлбэл, “Ид шидийн орон”-ы том хаалгыг хийхдээ нарны 7 аймгийг нартай нь, солонготой нь гагнаж хийсэн. Утга нь хүүхдүүд ургах нарнаар ирж, жаргах нарнаар явна гэсэн санаатай.

Хэд хэдэн газар миний хийсэн дугуйн зогсоол бий. Эрдмийн далай цогцолбор сургуулийн гаднах Эрдмийн мандал цэцэрлэгт хүрээлэнгийн саравч, тоглоом, сүүдрэвч, сандлыг бүгдийг хийсэн. Төмөр хийцээрээ 2017 онд “Дундговь-Түншлэл” үзэсгэлэн худалдаанд оролцож, “Шилдэг бүтээгдэхүүн”-ий шагнал авч маш их баярласан.



-Таны хувьд аймагтаа ийм зүйлийг хийчихсэн, өөрчилчих юмсан гэсэн бодол байдаг байх, түүнийгээ хуваалцах уу?

-Анх хог ангилан ялгах сав хийж байхад хүмүүс тоодоггүй байсан бол одоо ядахдаа ус ундааны савыг ил задгай хаях нь багасч байна. Ус, ундааны сав хийдэг хогийн савныхаа хажууд нэг жижгэвтэр сав хийж тавих санаатай байгаа. Тэр нь ус ундааны тагийг тусад нь цуглуулах зорилготой юм. Энэ тагийг ашиглаад цементээр явган зам хийхдээ шигтгэвэл үзэмжтэй болдог юм байна.

Өнгөрсөн жил аймгийн маань 80 жилийн ой болж, байгууллагууд, айлууд хашааныхаа өнгө үзэмжийг сайжруулсан. Би хүртэл ахынхаа хашааг янзалж, сараалжин төмөр хашаатай болгож байсан юм. Яг ийм маягаар төвд, зам дагуу байдаг айлуудын хашаа, хаалга, үүдийг янзалчихмаар санагдаад байдаг.

Энэ жил би өөрийнхөө хашааг үлгэр жишээ сайхан болгохоор төлөвлөж байна. Загасчны морь усгүй гэдэгтэй адил нэг юм хийхээр л хүн гуйж аваад явчихдаг болохоор өдий хүртэл хашаагаа сайхан болгож чадаагүй л байна.

Миний хийсэн хаалга Өмнөговь, Дорноговь гээд бусад аймаг, сум руу зөндөө л ачигдсан даа. Ер нь бол гагнуур хийхэд хоёр төмрийг хооронд нь нийлүүлэхдээ биш, яавал үзэмжтэй болгох вэ, яавал илүү чанартай болгох вэ, өөр юу нэмж болох вэ гэх мэт сэтгэлээсээ хийх нь л чухал гэж боддог.

Яваандаа мод үржүүлгийн чиглэлээр ажиллах, жимсний мод тарьж ургуулахсан гэсэн мөрөөдөлтэй, 1 га газар авчихаад байгаа. Тэндээ худаг гаргах хэрэгцээ байна. Хүнд тусалж, бусдын хэрэгцээг хангаж чадвал болно доо гэсэн бодлоор явдаг болохоор хүмүүст маш их юм хийж өгдөг хэдий ч худаг гаргах хэмжээний мөнгө хуримтлуулж чадахгүй л явна.

Лантуун дохио ТББ, “Ид шидийн орон”-ы залуучуудтай учирсандаа маш их баярладаг. Хүүхдийн төлөө ажиллах хамгийн сайхан шүү. Томчууд бид хүүхдэдээ зөв үлгэрлэж, ядаад хогоо ангилдаг болчих хэрэгтэй юм. Бас айл бүр хашаандаа мод тарьж, ургуулдаг байвал сайн байна. Тэгж чадвал ирээдүйд хүүхдүүд маань илүү сайхан орчинд амьдрах боломжтой гэж боддог доо.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ