Сирид ирэх долоо хоногоос эхлэн гал зогсоохоор тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-09-10 12:31:50

ЖЕНЕВ. /Xinhua/. Сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхэн ирэх долоо хоногоос эхлэн улс орон даяараа гал зогсоохоор тохиролцоонд хүрсэн гэж АНУ болон ОХУ-ын нөлөө бүхий албаны хүмүүс мэдэгдлээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын хэлснээр, Сири даяар ирэх даваа гарагт нар мандах үеэс эхлэн гал зогсооно.

 Гал зогсоох төлөвлөгөөний хүрээнд Сирийн Засгийн газрын хүчнийхэн сөрөг хүчний хяналтад байгаа бүсүүдэд явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоох аж.

Мөн уг төлөвлөгөөний хүрээнд “Лалын улс” болон “Аль-Нусра” бүлэглэлийн босогчидтой тэмцэх хамтарсан төвийг ОХУ болон АНУ байгуулна.

Сирийн дайсагнагч талуудын аль аль нь уг төлөвлөгөөг дагаж мөрдөхөө илэрхийлжээ.

Гал зогсоох төлөвлөгөө хэрэгжиж эхэлснээр бүслэлтэд байгаа бүсүүдэд, тэдгээрийн дотор Алеппо хотын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэнэ.

С.Лавров хэлэхдээ “гал зогсоож эхэлснээс хойш долоо хоногийн дараа ОХУ болон АНУ-ын хүчнийхэн Сирийн оролцоогүйгээр террористуудын байршилд цохит өгнө” гэв.

Г.Доржханд

Холбоотой мэдээ