Цөмийн туршилт хийснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зэмлэн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-10 12:31:48

НҮБ. /VOA/. Умард Солонгос цөмийн туршилт хийснийг эрс зэмлэн буруушаасан мэдэгдлийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ гаргалаа.

Пхеньян баасан гарагийн өглөө цөмийн цэнэгт хошууг дэлбэлэн туршилт хийсэнтэй холбогдуулан АЗ-ийн гишүүд өчигдөр орой нэг цаг орчим хаалттай хуралдаан хийсэн байна. Яаралтай хуралдааныг Япон, АНУ болон Өмнөд Солонгос тэргүүтэй улсуудын хүсэлтээр хийжээ.

АЗ-ыг даргалж буй Шинэ Зеландаас НҮБ-д суугаа Элчин сайд Герард ван Бохемен мэдэгдэл хийхдээ “Умард Солонгос цөмийн туршилт хийсэн нь АЗ-ийн тогтоолуудыг илэрхий зөрчиж, олон улсын энх тайван болон аюулгүй байдалд аюул заналхийлсэн хэрэг” гэв.

Мөн уг мэдэгдэлд “АЗ-ийн гишүүд “зохих арга хэмжээг” шуурхай авах болно. Умард Солонгост  нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэж байна” гэжээ.

Пхеньянд хатуу хориг арга хэмжээ авах, тухайлбал ашигт малтмалын худалдааг хязгаарлах тухай тусгасан тогтоолыг НҮБ-ын АЗ энэ оны гуравдугаар сард баталсан юм.

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ