Хүүхдийн баяраар 14 байршилд үйл ажиллагаа зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-06-01 10:23:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулж буй.


Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Бумцэнд "Сүхбаатарын талбайд 20 асраар хүнс, хүүхдийн тоглоом худалдаж, явуулын үйлчилгээтэй 13 цэгээр түргэн хоол борлуулахаар болсон. Мөн Монголын хүүхдийн ордны гадна 20 асраар худалдаа, үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн гадна талбайд тав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 40, Үндэсний соёл амралтын хүрээлэнд 20 газар худалдаа, үйлчилгээ эрхэлнэ.


Эдгээр байгууллагад холбогдох албаныхан хамтарч хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулсан" гэлээ.


Холбоотой мэдээ