ДАРХАН-УУЛ: Он гарсаар зам тээврийн осолд зургаан хүүхэд өртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан /МОНЦАМЭ/. Зам тээврийн осолд хүүхэд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол нэмэгдэж буй судалгаа байна. Тухайлбал Дархан-Уул аймгийн хэмжээнд 2022 онд зам тээврийн ослын улмаас 25 хүүхэд бэртэж, дөрвөн хүүхэд нас баржээ.
Явган зорчигчийн буруутай үйлдэл буюу гарцгүй
газраар зам хөндлөн гарах, хөдөлгөөнд оролцож буй автомашины урдуур гүйх, хүүхэд
багачууд урин дулааны улиралд унадаг дугуй, дугуйт тэшүүрийг зориулалтын бус
газарт унах, анхаарал болгоомжгүй байдлаасаа үүдэн зам тээврийн осолд орох
тохиолдол бүртгэгдэж байна.
2023 оны эхний таван сарын байдлаар аймгийн хэмжээд зам тээврийн осолд зургаан хүүхэд өртөж гурван хүүхэд бэртэж, нэг хүүхэд нас баржээ.
Түүнчлэн зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлийн ихэнх тохиолдолд жолооч нь замын хөдөлгөөний дүрэм баримтлахгүй, гүйцэд түрүүлэх үйлдлийг буруу хийх, үдэш, оройн цагт гэрлээ шилжүүлэхгүй, гар утсаар ярих, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй зэргээс үүдэн осол гардаг ажээ.
Дархан-Уул аймаг Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасгаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, нөлөөллийн аян, зурагт хуудас, сошиалд видео сэрэмжлүүлэг нийтэлж, олон давтамжтай осол болдог автозамуудад тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх, гарц, гармыг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Тухайлбал Дархан сумын
наймдугаар баг Магнолиа 24 цагийн дэлгүүрийн өмнөх явган хүний гарцыг Дэлхийн
зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр аймгийн захирагчийн ажлын алба,
ГБХЗХГ, замын цагдаагийн тасаг хамтран “Ухаалаг гарцын систем”-ийг нэвтрүүлсэн
аж.
Цаашид
томоохон худалдааны төвүүдийн өмнөх автозам болон осол ихээр үйлдэгддэг автозамуудад
явган хүний гарц, стандартын шаардлага хангасан гүүрэн гарц хийх талаар орон
нутгийн удирдлагуудад санал хүргүүлж, танилцуулан аж. Уг санал дэмжигдэж орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 900
сая төгрөгийн санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй
иргэд болон явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц хийхээр болжээ.
Уг ажлыг энэ
онд багтаан хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд зам тээврийн осол, хэргийг
бууруулж иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж байна.