Шаньши мужийн цайны соёлыг харуулсан үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-30 14:05:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Цайны соёлын ертөнц" Хятадын соёлын аялал жуулчлалын долоо хоногийн хүрээнд Шаньши мужийн цайны үзэсгэлэнг Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвд өнөөдөр нээлээ.


Үзэсгэлэнг нээж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ, “Цайны эх орон Хятад олон мянган жилийн цай уух, цай тариалах түүхтэй. Хятад ард түмний баялаг амьдрал болон нийгмийн дадлаас цайны соёл бий болсон. Ингэхдээ Хятад улсын уламжлалт соёлын чухал хэсэг болж чадсан юм. Цай нь хятад хүмүүсийн өдөр тутмын амьдрал болоод сэтгэлд гүн гүнзгий шингэсэн байдаг төдийгүй төлөв даруу, ёс суртахуунтай, гүн хүндэтгэлийг илэрхийлдэг хэмээн үздэг. Нэг төрлийн соёлын мөн чанарын бэлгэдэл болдог. Хятад улс эртнээс зочин, гийчнээ цайгаар дайлдаг нь Монголын ард түмэн ирсэн зочноо сүүтэй цайгаар дайлдагтай адил юм. Хятад, Монголын ард түмний найрсаг харилцааны урт хугацааны түүхийг Евро Азийг холбож буй түмэн газрын цайны замын тэмдэглэлд тэмдэглэсэн байдаг. Цай бол хоёр орны соёлын солилцоо, харилцан суралцах элч гэж хэлж болно. Хоёр орны соёлын хамтын ажиллагаа, найрамдалт харилцаа улам батжина гэдэгт итгэлтэй байна” хэмээв.


Түүхийн ховор эдлэлүүдээр баялаг Шаньши муж 1000 жилийн түүхтэй Хятадын эртний хот юм. Эртний Торгоны замын эхлэл болдог Шаньши нь бараа бүтээгдэхүүн, цайгаар баялаг бөгөөд Шаньши цайны төлөөлөгч нь Фү цай юм. Шинэлэг ур чадвараар тоосгон хэлбэртэй хэвийн цай боловсруулж чадсан байна.


Фү цайг материалаа бэлтгэх, чанаж буцалгаж, хуурах, битүүмжлэх, савлах, хэвэнд оруулах, байгалиар нь исгэх зэрэг дарааллаар бэлтгэдэг аж. Аяга цайны амтыг олон янзын аргаар гарган авдаг. Үүнд, сонгох, шигших, цай хэрчих, шигших /гаргаж авсан цайг дахин шигших/, ялгах, цай буцалгах, битүүмжлэх уут хийх, битүүмжлэх уутанд хийх, хэмжих, цай хуурах, цайг бэхлэх, цоож хэлбэрт оруулах, нүх гаргах, исгэх, хагсаах зэрэг багтана.


Энэ үеэр Шаньши мужийн цайгаар үзэсгэлэн дэлгэснээс гадна уг цайг амсаж танилцах боломжийг олгож байна. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Шаньши соёл, аялал жуулчлалыг сурталчилж буй юм. Тус үзэсгэлэн 6 дугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

А.Мичидмаа












Холбоотой мэдээ