Кирибаяма: Озэки цол өндөр уул байлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-30 09:20:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сүмогийн Нацү башёд озэки цол хүртэх болзлоо биелүүлсэн Монголын сэкивакэ Кирибаяма өчигдөр Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэжээ.


Маргааш албан ёсоор озэки цолоо гардан авах болсон Кирибаяма “Өчигдөр тэмцээн дуусаад нэг юм тайвширч чадлаа. Бусад тэмцээнтэй адилхан башё шүү гэж өөртөө итгүүлэн барилдах гэсэн боловч өөр гэдэг нь илт мэдэгдээд, сандарч догдлон, унтаж чадахгүй өдрүүд ч байлаа. Анх сүмод ороод хүнд хэцүү байх үед хамгийн их дэмжиж байсан хүмүүс бол гэр бүлийнхэн минь. Өчигдөр орой аав, ээж Монголоос ирсэн. Хоёулаа маш их баярлаж байсан. Мичинокү оякататайгаа адилхан цолтой боллоо. Багш цол авсны дараа хамгийн хэцүү шүү гэж хэлсэн. Озэки цолоо хүлээж авахдаа хэлэх үгээ багштайгаа зөвлөж байгаа. Алдаа мадаг гаргахгүйн тулд дасгал хийж байгаа. Озэки, ёкозүна цол бол амархан хүрэхгүй маш өндөр цол. Озэки цол өндөр уул байлаа. Цаашдаа улам хичээхгүй бол болохгүй. Зургаадугаар сарын 3-нд болох ёкозүна Какүрюүгийн зодог тайлах ёслолд озэки цолтой оролцоно гэсэн амлалтдаа хүрч чадсандаа баяртай байна. Ёслолын дараа энэ долоо хоногийн сүүлчээр Монголдоо харьж амарна. Дөрвөн жил хариагүй байгаа. Сүмод орсноос хойш анх удаа зун харих гэж байна. Хамаатан садан, анд нөхөдтэйгөө уулзана” гэж ярьсан байна.


Шинэ Озэки цолтноо хүлээж авахаар нутгийн зон олон нь догдлон хүлээж байгаа ажээ. Дорнод аймгийн Сэргэлэн сумынхан энэ сарын 9-нд шинэ арслангийнхаа найрыг хийхээр бэлтгэж байгаа бөгөөд хоёр насны морь уралдаж, сур харваа, хүчит бөхийн барилдаан болох юм. Урилга заллага нь ч хэдийнэ бэлэн болжээ.

Холбоотой мэдээ