ДАШТ-ий 28 дахь алтан медалийн эзэн Канадчууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-29 16:00:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Финланд, Латвид хоккейн ДАШТ өндөрлөж, медальтнууд тодорлоо. Энэ жилийн ДАШТ сенсаац дүүрэн явагдлаа хэмээн спортын мэргэжилтнүүд үнэлж байна.


Европын хүчирхэг багууд ээлж дараалан хасагдсаар хагас шигшээд Канад, Америк гэсэн Хойд Америкийн томчуудын эсрэг Герман, Латви гэсэн багууд өрсөлдөхөөр гарч ирсэн бөгөөд Канад Латвиг буулган авч, Германы шигшээ АНУ-ыг ялж, алтан медалийн төлөө шалгарсан юм.


Тухайлбал, найм дараалсан ялалтаар тэмцээнээ эхлүүлж, ДАШТ-ий хэсгийн шатанд ялагдал амсаагүй цорын ганц баг болсон АНУ-ын баг медалиас мултарч харьсан бол Латвийн баг түүхэндээ анх удаа дэлхийн аваргаас медаль хүртэж, эх нутагтаа үндэсний баатрууд болсон.


Хэсгийн тоглолтоо ялагдалгүй туулсан АНУ-ын шигшээ баг хагас шигшээд бүдэрдэг хууч нь хөдөлж, Германд овертаймд ялагдсан билээ. Тэд ДАШТ-ий хагас шигшээд 12 дахь удаагаа ялагдсан нь энэ. Хүрэл медалийн тоглолт ч тэдний хувьд тааруухан болж, 3:3-аар үндсэн цаг дууссан юм. Овертайм эхлээд Латвийн баг шайбыг эзэмшээд 72 секундэд гоол оруулж, ялалт байгуулсан бол АНУ-ын баг нэмэлт цагт оноо авах алхам хийж чадсангүй. Ийнхүү нэг ч хожигдолгүй явсан АНУ-ын багийг Чехийн шигшээг түүртэлгүй ялснаар хоккейн ДАШТ-ий алтан медалийг 60 жилийн дараа эх орондоо авч очих магадлал нь нэмэгдэж байна гэж үнэлж байсан мэргэжилтнүүдийн таамаг талаар болж, хүрэл медаль ч үгүй буцах нь тэр.


Пёнчаны олимпоос мөнгөн медаль авсан Германы хоккейчид түүхэндээ ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Харин 2023 онд тэд ДАШТ-ий финалд шалгарч чадсан төдийгүй хоккейн их гүрэн Канадтай аваргын төлөө өрсөлдсөн.

Канадчуудын хувьд дөрөв дэх удаагаа дараалан ДАШТ-ий финалд гарч ирсэн бөгөөд Германы багтай өөртөө итгэлтэй, тун тайван тоглосоор гуравдугаар үед ялалтыг гартаа оруулж, улмаар хоккейн ДАШТ-ий аварга болов.

Энэ нь тэдний 28 дахь дэлхийн алтан медаль байлаа.  

Холбоотой мэдээ