ХЭНТИЙ: Политехник коллежид үйлдвэрлэсэн ширээ, сандлыг ЕБС-уудад хуваариллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-29 16:01:20

Хэнтий /МОНЦАМЭ/ Политехник коллежийн гагнуур, мужааны ангийн оюутнууд Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар ЕБС-ийн 75 ширээ, сандлыг хийжээ.

Тус аймгийн Засаг даргын нөөц сангаас 22,5 сая төгрөгөөр сургуулиудын ширээ, сандлыг шинэчлэх ажлыг өрнүүлсэн байна. Энэ хүрээнд Хэрлэн сумын дөрвөн сургууль дээр нэн шаардлагатай байгаа ангиудад хуваарилах ажил эхэлжээ. Тухайлбал Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын кабинетын ширээ, сандлыг иж бүрнээр нь сольж өгсөн аж.

Хэнтий аймгийн бүх сургуульд ширээ, сандлын хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа бөгөөд үүнийг дотооддоо шийдэх, нөөц боломжоо ашиглах, зардал мөнгийг хямдаар, чанартай гүйцэтгүүлэх бүрэн боломжтой гэдгийг дээрх жишээ харуулж байна. Цаашид Хэнтий аймаг сургуулиудын ширээ, сандлын асуудлыг дотооддоо шийдэх тодорхой төсвийг баталж, бат бөх, стандартад нийцсэн байдлаар бүх сургуулийг 100 хувь хангахаар зорьж байна. 


Холбоотой мэдээ