АСЕАН-ы Дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-09 14:53:33

ВЬЕНТЬЯН. /NHK/. Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбооны /АСЕАН/ удирдагчид оролцсон хоёр дээд хэмжээний уулзалт пүрэв гарагт Лаос улсын нийслэлд болж өндөрлөлөө.

Мягмар гарагт эхэлсэн эдгээр уулзалтуудын гол сэдэв нь Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсүүдийн тухай асуудал байсан юм.

АСЕАН-ы болон БНХАУ-ын удирдагчид уг маргаантай асуудлын талаар 2017 оны дунд үе гэхэд тодорхой зөвшилцөлд хүрсэн байхын тулд хэлэлцээний явцыг хурдасгахаар шийджээ.

Хөлөг онгоцнууд хоорондоо мөргөлдөж болзошгүй асуудлыг зохицуулахын тулд олон улсын дүрэм журмыг дагах нь зүйтэй гэж тэд үзэж байна.

18 улсын удирдагчид оролцсон энэ удаагийн уулзалтаар Өмнөд Хятадын тэнгис бол БНХАУ-ын харьяаных гэсэн үндэслэлийг Гаагийн арбитрын шүүхээс няцаасан явдлыг хэлэлцжээ. Өнгөрсөн 7  дугаар сард гаргасан шүүхийн энэ шийдвэрийг Япон, АНУ хоёр зөв гэж үзэж байгаа аж.

Филиппин, Вьетнам зэрэг Зүүн Өмнөд Азийн 10 гишүүн орны удирдагчид уг шийдвэрийн талаарх байр сууриа илэрхийлэхээс татгалзсан байна. Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Филиппин, Вьетнам болон БНХАУ илт сөргөлдөж байгаа юм. ​

АСЕАН-ы уулзалтад оролцсон улс орнууд цөмийн зэвсэг болон баллистик пуужин үйлдвэрлэхээ зогсоохыг Умард Солонгосоос шаардсан мэдэгдлийг санал нэгтэйгээр баталсан байна.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ