Хятадын сүүлчийн эзэн хааны бугуйн цаг 6.2 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-25 13:50:13

ХОНКОНГ. /South China Morning Post/Хятадын сүүлчийн эзэн хаан Айсингиоро Пү И-гийн зүүж байсан тансаг зэрэглэлийн "Patek Philippe" бугуйн цаг Хонконгт 48.9 сая хонконг доллар буюу 6.2 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.


86 жилийн түүхтэй Reference 96 Quantieme Lune” загварын энэхүү цаг нь цуглуулагчдын дунд өндрөөр үнэлэгддэг бол дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан загвар нь "Patek Philippe Grandmaster Chime" юм. 2019 онд Швейцарт болсон дуудлага худалдаагаар энэ загвар 31.2 сая ам.долларын үнэ хүрчээ. 


Хонконгийн Баруун Коулуны соёлын дүүрэг дүүрэг дэх "Phillips Asia" дуудлага худалдааны ордонд болсон дуудлага худалдаагаар Хятадын сүүлчийн эзэн хааны эдэлж хэрэглэж байсан дэвүүр, тэмдэглэлийн дэвтэр зэрэг бусад эд зүйлсийг мөн үнэ хаялцуулсан байна.


Гэхдээ Пү И-гийн алдарт цагийн эцсийн үнэ нь Египетийн хунтайж Мохаммед Али Тевфикийн эдэлж байсан ийм брэндийн цаганд санал болгож байсан үнээс хамаагүй бага байна. Мохаммед Тевфикийн "Patek Philippe"  2021 онд  9.5 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.  


Пү И 1908 онд дөнгөж хоёрхон настайдаа Хятадын эзэн хаан болж, Шиньхайн хувьсгалын дараа 1912 онд хаан ширээнээсээ буухад хүрчээ.


Ташрамд дурдахад, 1987 онд Италийн нэрт кино найруулагч Бернардо Бертолуччи Пү И-гийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Сүүлчийн эзэн хаан” уран сайхны киногоороо Оскарын шагнал хүртсэн юм.

Холбоотой мэдээ