ДАРХАН-УУЛ: “Зулзагын гол” хүүхдийн зусланд амрах төлбөрийн хэмжээг нэмэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 16 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Нийт 10 асуудал хэлэлцсэн бөгөөд үүний нэг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Амгалан “Зулзагын гол” хүүхдийн зусланд амрагч нэг хүүхдийн хураамжийг нэмэгдүүлэх тухай асуудлыг танилцууллаа.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74
дүгээр тушаалын дөрөвдүгээр хавсралтаар амрагч хүүхдүүдийн хоол, ундны стандарт хэмжээ, чанарыг тооцож амрагч хүүхдүүд өдрийн таван удаагийн хоол хүнсээр хангагддаг гэж
тус байгууллагын удирдлага мэдээллийн эхэнд танилцуулав.
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөөс шалтгаалан хүүхдийн өдөрт хоол хүнсээр дамжуулан авах илчлэг, тос, уураг, нүүрс усны стандарт хэмжээг баримтлахад хүндрэл үүсжээ. Тухайлбал 2014 оноос хойш өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох мах 69.2 хувь, төмс гурав дахин, гурил 1.8 дахин нэмэгдсэн бол цахилгааны 1квт тутамд 55.6 хувь, ажилчдын цалингийн хэмжээ 2.2 дахин нэмэгджээ.
Тиймээс аймгийн ИТХ-ын энэ удаагийн хуралдаанаар “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд зусланд амрах төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх нь үндэслэлтэй гэж үзэв. Иймд тухайн зусланд амрагч нэг хүүхдийн хураамжийг өдрийн 35.000 төгрөгөөр тогтоолоо. Хүүхдийн зуслангийн нэг өдрийн хураамж өнгөрсөн жил 30.000 төгрөг байсан аж.