СЭЛЭНГЭ: Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан нэгэн шинэ хөшөө сүндэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-22 09:40:24

Сүхбаатар/МОНЦАМЭ/.Ардын хувьсгалын Өлгий Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум нь Орос-Монголын хилийн сум гэдэг утгаараа өнө мөнхийн хөршүүдийн түүхэнд дуурсагдсан хөшөө дурсгал олонтой.

 

Энэ утгаар бас дахин нэгэн түүхэн хөшөөг энэ сарын 19-ний өдөр нээжээ.

 

Энэхүү хөшөөг Алтанбулаг сум дахь нутгийн ардын нэрлэдэгээр Хярааны голын Хөшөөтийн гарам дээр босгосон байна. Уг хөшөөг дээр үед энэ нутагт амьдарч байсан Хярааны орос суурингаас аугаа их эх ороны дайнд мордож, Гитлерийн Германтай хийсэн дайнд баатарлагаар амь үрэгдсэн дайчдын  дурсгалд зориулжээ.

 

Энэхүү дурсгалын түүхт хөшөөг 2022 онд Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын консулын газрын хамт олон өөрсдийн хүч хөрөнгөөр барьж байгуулсан бөгөөд энэ удаа албан ёсоор нээжээ.

 

Нээлтийн үйл ажиллагааг орос зан заншлаар ёслол үйлдэж, цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна.

 

Хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, ОХУ-ын Дархан-Уул аймаг дахь ерөнхий консул Зайнутдинов Руслан Аймарович, Алтанбулаг сумын  Засаг дарга Н.Отгонцогт, аймгийн ИТХ-ын гишүүн С.Чойсүрэн нарын албаны хүмүүс, ахмад хилчид, орон нутгийн ард иргэд оролцжээ.



Холбоотой мэдээ