Барилга барих зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-19 15:26:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үйлчилгээний буюу бизнесийн зориулалттай барилга барих зөвшөөрөл олгох эсэхийг шийдэх хурал долоо хоногт нэг удаа болдог нь хүндрэл учруулж байгаа тул иргэд хурлын давтамжийг нэмэх хүсэлтийг удаа дараа тавьж байгаа.


Иймээс Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Хан-Уул нарт үйлдвэрлэл, үйлчилгээний буюу бизнесийн зориулалттай барилга барих зөвшөөрлийг богино хугацаанд шийдэж байх үүрэг өгснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Тодруулбал, дээрх зөвшөөрөл олгох хурлыг энэ сарын 22-ноос долоо хоногт 2-3 удаа хийхийг судалж, шийдвэр гаргах хугацаагаа богиносгож байгаа юм. Ингэхдээ бүгдэд зөвшөөрөл өгөх биш, шийдэхээр судлах хугацаагаа богиносгоход ач холбогдол өгөх ёстойг Ж.Сандагсүрэн анхааруулав.


Тэрбээр “Үйлдвэрлэл, үйлчилгээний барилгад онцгой анхаарах шаардлагатай. Учир нь ихэнх үйлдвэр, агуулах хотын захад бий. Энэ нь төвлөрлийг сааруулах, хотын захад ажлын байр олноор бий болгоно. Мөн эдийн засгийн өгөөж их тул ийм барилгын тоог нэмэхэд хүнд сурталгүй байх ёстой. Дулааны улирал богино тул барилга бариха хугацаа бага. Энэ төрлийн шийдвэрийг бизнесийнхний хэрэгцээ, шаардлагад нийцүүлж, түргэн шуурхай гаргах шаардлагатай. Одоогоор нийслэлд зөвшөөрөлгүй 150 барилга барьж байгааг нураах тухай ярьж байгаа. Мөн газар олголттой холбоотой шүүхийн 250 маргаан бий. Эдгээр асуудал үүсэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь газар олголтын шийдвэрийн үйл явц, хугацаа” гэдгийг хэлж байв.

Эцэст нь энэ удаагийн үүрэг, даалгаварт хотын А бүс, тусгай хамгаалалттай газар орохгүйг онцолжээ.

 

Холбоотой мэдээ