Гэр хороололд хагас коксжуулсан нүүрсийг хэрэглэж туршина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-09 09:50:33

“Утаагүй Дархан” хөтөлбөрийн хүрээнд энэ өвөл Дархан сумын 15 дугаар багийн 2160 өрхөд хагас коксжуулсан түлшийг хэрэглэж туршихаар боллоо.

Эхний ээлжинд дээрх өрхүүдийн мод, нүүрс, хагас коксжуулсан түлш зэрэг гурван төрлийн түлшний хэрэглээнд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Захирагчийн алба, Стандартчилал хэмжил зүйн газар зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтарч дүгнэлт гаргаснаар ирэх жилээс Дархан сумын 1, 2, 3, 6, 7 зэрэг гэр хорооллын төвлөрөл ихтэй багуудад нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Уг түлшийг “Нако түлш” ХК-аас нийлүүлж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сарын 31-нийг дуустал түүхий нүүрсний үнээр 40 цэгт борлуулах юм. Хагас коксжуулсан түлш нь  нүүрсийг хагас коксжуулсан байгууламж дунд 450-6500С-ийн хэмийн дулаан боловсруулалтад оруулж гаргадаг байна. Эцсийн бүтээгдэхүүн нь хагас кокс, давирхай, шатдаг хий, тус түлшний дулаан ялгаруулах чадвар нь 5500-6500 ккал.кг, чийглэг нь 5 хувиас ихгүй байдаг ажээ.

Ийнхүү гаргаж авсан түлш нь агаарын бохирдлыг бууруулах, өрхийн эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэндэд тустай гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагууд баталж байна.

Өнгөрсөн хоёр жил Шарын гол, Орхон сум болон Дархан сумын 15 дугаар багийн хагас коксжуулсан түлш хэрэглэсэн иргэд “Утаа гардаггүй, угаар үнэртдэггүй, шаталт удаан их сайн түлш” гэсэн үнэлгээ өгснийг аймгийн Захирагчийн албаны дарга н.Равжаадэлгэрэх ярилаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ