БАЯН-ӨЛГИЙ: Сагсай сум Залуучуудын хөгжлийн төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран манай улсын 10 мянгаас дээш хүн амтай сумдад Залуучуудын хөгжлийн төвийг байгуулахыг зорьж байгаа.
Тус зорилтын хүрээнд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд "Залуучуудын хөгжлийн
төв" байгуулж, энэ сарын 16-ны өдрөөс үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүллээ.
Нээлтийн ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар
оролцож, төвийн ач холбогдол, яамнаас авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар
мэдээлэл өгөв.
Залуучуудын хөгжлийн төвийг тус сумын ерөнхий боловсролын нэгдүгээр
сургуулийн дотуур байрыг түшиглэн байгуулжээ. Төвийн байрлах байранд Орон
нутгийн хөгжлийн сангаас 130 сая төгрөг хуваарилж засвар хийсэн байна. Мөн НҮБ-ын
Хүн амын сангаас 50 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлжээ.
Төвд үндэсний бөх, чийрэгжүүлэлт, гар зураг, оёдол, компьютер, уулзалт ярилцлага,
үсчин зэрэг 7 төрлийн танхим нээсэн ба эдгээр танхимуудаар дамжуулан сумын хүүхэд,
залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.
Одоогоор улсын хэмжээнд 43 Залуучуудын хөгжлийн төв ажиллаж, амьдрах ухааны сургалт, гэр бүл, нөхөн үржихүй, хууль зүй, сэтгэл зүй, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа ажээ.