ЗАВХАН: Хүүхдүүд 16400 гаруй хүнд эерэг нөлөөлөл үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүд нийгэмд
тустай олон талт ажлыг санаачлан хийдэг бөгөөд давхардсан тоогоор 16400 гаруй
хүнд эерэг нөлөөлөл үзүүлжээ.
Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл оны эхний улирлын ажлаа дүгнэж, ирэх улиралд хийх ажлуудаа төлөвлөжээ.
Тэд нийгэмд тустай олон талын ажлыг санаачлан зохион байгуулдаг. Он гарсаар үе тэнгийнхэн болон, өсвөр үеийн хүүхэд багачуудад зориулан зургаан үйл ажиллагааг өөрсдөө санаачлан гардан зохион байгуулсан. Тухайлбал, томчуудад өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар нээлттэй, харилцан ярилцах цаг, хөдөлгөөн ба эрүүл мэнд, хоггүй орчинд амьдарцгаая, цэцэрлэгийн хүүхдүүдэд шүдээ угаах, гараа угаах ач холбогдлыг жүжигчилсэн тоглолт, нөлөөллийн ажлаар сурталчлан таниулах.
/Төрөлх Улиастайдаа хоггүй орчин бий болгохыг томчуудад болон үе тэнгийнхэндээ уриалж, сайн дурын их цэвэрлэгээг жилд хоёр удаа зохион байгуулалцаж оролцож байна/
Аймгийн
хэмжээнд зохион байгуулж буй нийтэд тустай ажлууд болон ажил арга хэмжээнүүдэд
хамтран зохион байгуулагчаар оролцох. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн бүрт
түгээх эерэг дадлыг автобусны зорчигчид болон, иргэдэд хүргэхээр видео
контентууд хийсэн гэхчэн хийсэн ажлуудынхаа үр дүн болон биелэлтийг хамтдаа
хэлэлцэж, 85.75 хувийн саналаар тайлангаа баталсан.
/Хүүхдийн зөвлөлийн хамгийн чухал нөлөөллийн ажил нь үе тэнгийнхнийхээ үгийг сонсож тэдэнд тулгамддаг олон асуудлыг хамтдаа хэлэлцэж, шийдвэр гаргагчдад хүргэх юм/
/Хүүхдийн зөвлөлийн хүүхдүүд цэцэрлэгийн болон бага ангийн дүү нартаа жүжигчилсэн тоглолтоор дамжуулан эерэг нөлөөлөл, зөв дадлыг зааж өгдөг/
Мөн аймгийн болон үндэсний чанартай таван үйл ажиллагаанд аймгийнхаа нийт хүүхдүүдийг төлөөлөн оролцож, цахим орчинд дөрвөн платформоор дамжуулж Facebook орчинд оруулсан постер мэдээлэл, нийтлэлүүдээрээ дамжуулан давхардсан тоогоор 16490 хүнд эерэг нөлөөллийн ажлыг хийжээ.
Эдгээр болон бусад
хийсэн ажлуудаа Монголын Хүүхдийн Зөвлөлийн нэгдүгээр улирлын үйл ажиллагааны
шалгуур үзүүлэлтэд үндэслэн өөрсдийгөө дүгнэсэн ба 5 онооноос 3.8 гэсэн
үнэлгээг авсан гэж Завхан аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.
/Завхан аймгийн Засаг дарга болон, шийдвэр гаргагчдад хүүхдүүдийн хүсэл сонирхол, санал сэтгэгдэл шүүмжлэлийг уламжилж, хүүхдэд ээлтэй бодлого гаргуулахад хамтран ажилладаг/
Ташрамд аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн М.Баясгалан, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2023 оны анхдугаар хуралдаанд хүүхдүүдээ төлөөлөн оролцож, 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн хүүхдийн төлөө зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлалцжээ.
2023 онд Завхан аймаг хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын хамтын ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомж, хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалт, хүүхдийг аливаа хүчирхийлэл, дарамт, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх. Олон нийтийг соён гэгээрүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг төлөвлөн гишүүдийн 100 хувийн саналаар төлөвлөгөөг баталсан аж.
/Аймгийн Хүүхдийн зөвлөлийн хүүхдүүд аймгийн болон үндэсний арга хэмжээнд үргэлж манлайлан оролцохыг хичээдэг/
Завхан аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл нь хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилтийг хангах. Салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилготой аж.
/Аймгийн Хүүхдийн зөвлөлийн хүүхдүүд аймгийн болон үндэсний арга хэмжээнд үргэлж манлайлан оролцохыг хичээдэг/
/Аймгийн Хүүхдийн зөвлөлийн хүүхэд бүр сурлага, урлаг, спорт, олон нийтийн тустай ажилд үргэлж тэргүүн эгнээнд явахыг хичээдэг/