Цахилгаан, эрчим хүчийг бодит өртгөөс 2 дахин хямд үнээр хэрэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-09 12:29:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад эрчим хүчний бодит өртөг, хэрэглээ, хэрэгцээ ямар байдалтай байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.


Энэ талаар зарим зүйлийг түүнээс тодруулав.

-Өнөөдөр манай улсад цахилгаан, дулаан, эрчим хүчний бодит өртөг ямар хэмжээнд байна вэ. Үйлдвэрлэж буй болон нийлүүлж буй хангамжтай холбон тайлбарлана уу?

-Цахилгаан эрчим хүчний өртөг өнөөдрийн байдлаар нэг квт цаг тутамд 224 төгрөг байгаа. Хэрэглэгч нарт дунджаар 211-213 төгрөгөөр борлуулж байна. Ахуйн хэрэглэгчдийн хувьд нэг квт цахилгаан эрчим хүчийг 141-142 төгрөгөөр худалдан авч байгаа. Энэ нь бодит өртгөөс 58 хувиар доогуур түвшинд байна. Дулааны эрчим хүчийг авч үзэхэд өөрийн өртгөөс 55 хувиар доогуур түвшинд хэрэглэгчдэд хүргэж байгаа. Тэр хэмжээгээр алдагдал хүлээж байна. Салбарын хувьд өнгөрсөн оны дүнгээр 187 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан.


-Эрчим хүчний салбар дахь алдагдалтай байдал ямар эрсдэл дагуулж байна вэ?

-Алдагдал нэмэгдсээр байгаа. Үүний цаана өр төлбөр нэмэгдэх, ДЦС-уудаас эхлээд дулаан, цахилгааны шугам сүлжээ шаардлагатай засвар үйлчилгээг хийж чадахгүй байдалд хүргэж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хойшлогдох зэрэг эрсдэл дагуулж байна.

Монголчууд бодит өртгөөс 55-58 хувь доогуур үнээр цахилгаан, эрчим хүч хэрэглэж байна.


Энэ байдал нь хэрэглэгчдийн цахилгаан, дулааны найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс цаашид эрчим хүчний үнийг өөрийн бодит өртөгт нь хүргэх зайлшгүй шаардлага тулгарсаар байна. Гэтэл хэрэглээг 2022 оны дүнгээр авч үзвэл өнгөрсөн оноос 5.8 хувиар өссөн дүнтэй гарсан. Улсын хэмжээнд 10.3 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн. Үүний 79 хувийг дотооддоо үйлдвэрлэж, 21 орчим хувийг импортоор худалдаж авч байна. Энд ОХУ болон БНХАУ-аас авч буй цахилгаан, эрчим хүч зонхилж байна.     

Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болж барьж байгуулахад Эрчим хүчний тухай хуулийн дагуу үнэ тарифаа батлуулах ёстой. Үнэ тариф өртгөөсөө доогуур түвшинд байх юм бол мэдээж хөрөнгө оруулагч нарт сөрөг нөлөөтэй. Тиймээс үнэ тарифыг хөрөнгө оруулалтыг дэмжих, хангахуйц түвшинд л байлгах, аваачих учиртайг тэрбээр онцоллоо.


-Үнэ тариф, өртөг, хэрэглээг хангах талаар ЭХЗХ-ноос ямар санал тавьж байгаа вэ. Хэрэглээгээ хэмнэх талаар иргэд юу хийж болох вэ, юу хийх ёстой вэ?

-Хэрэглээгээ зохицуулж хэмнэлт гаргах боломжтой гэж үзэж байгаа. Хэрэглэгчид цахилгаан, эрчим хүчээ хэмнэх зайлшгүй шаардлага бий. Ялангуяа ид ачааллын оргил цагаар. Ер нь Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд хэмнэлт бий болгох үүрэг хүлээсэн хэрэглэгчдийг тодорхойлсон байдаг. Тодруулж хэлбэл, тэдний цахилгаан, эрчим хүч хэмнэх босго хэмжээг Засгийн газрын тогтоолоор тогтоож өгсөн. Энэ онд шинэчилсэн байгаа. Ийм үүрэг хүлээсэн 330 мянга орчим хэрэглэгч байдаг. Тэд цахилгаан, эрчим хүчний нийт хэрэглээний 40 хувийг хэрэглэж байгаа.

Улсын хэмжээнд цахилгаан, эрчим хүчний нийт 812 мянган хэрэглэгч, 450 мянга орчим дулаан хэрэглэгч байна.


-Цахилгаан, эрчим хүчийг ямар арга замаар, яаж хэмнэх вэ?

-Үүрэг хүлээсэн хэрэглэгч нар эрчим хүч хэмнэлтийн менежертэй байх зэргээр хуульд тусгасан. Хэмнэлтийн менежерүүд цахилгаан, эрчим хүчийг хэрхэн хэмнэх аргыг таниулан сурталчилж, зохицуулж хэрэгжүүлдэг. Дээр нь Эрчим хүчний адуитын байгууллага ажиллаж байгаа. Манай салбарт хэмнэлтийн чиглэлээр 114 аудитор ажиллаж, цахилгаан, эрчим хүчийг хэмнэх талаар хэрэглэгч нарт зөвлөж, аудит хийж, юун дээр цахилгаан, эрчим хүчээ алдаж буйг тодорхойлж өгдөг. Эдгээр хүнийг ЭХЗХ-ноос бэлддэг. Цаашид аудиторуудыг олон улсын түвшинд хүргэхээр зорьж, энэ талын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Олон улсын түвшний аудиторуудыг бэлтгэн гаргана. Ер нь бол хэрэглээг бас хэмнэх тогтолцоог бий болгохоор ажиллаж, энэ талын хөтөлбөр, аяныг хэрэгжүүлж, ажлын хэсгүүд зөвлөмж гаргаж байгаа.


Холбоотой мэдээ