Л.Месси оны шилдэг тамирчнаар шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-05-09 10:00:21

ПАРИС. /BBC/. Спортын салбарын Оскарын наадам гэгддэг “Laureus World Sports Awards” шагнал гардуулах ёслол Францын нийслэл Парис хотноо даваа гарагт боллоо.


Аргентины хөлбөмбөгч Лионель Месси “Оны шилдэг тамирчин”-аар шалгарчээ. “Л.Месси “Оны шилдэг тамирчин”, “Оны шилдэг баг”-ийн шагналыг нэг онд хүртсэн анхны тамирчин болж түүхэнд бичигдлээ” гэж “Laureus” академи мэдэгдсэн байна.


Л.Месси Катарт болсон 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины шигшээ багийг ахлан 2018 оны аварга Францын шигшээ багийг торгуулийн цохилтоор илүүрхэж, аваргын цомыг өргөсөн билээ.


“Laureus World Sports Awards-2023наадмын “Оны шилдэг баг”-аар дээр дурдсанчлан Аргентины шигшээ баг шалгарсан бол “Оны шилдэг эргэн ирэлт” шагналын эзнээр “Манчестер Юнайтед” клубийн тамирчин Кристиан Эриксен тодорчээ.


Өдгөө 31 настай, Данийн хөлбөмбөгч К.Эриксен 2021 онд болсон “Евро-2020” тэмцээний үеэр зүрх нь зогсож, улмаар хэдэн сарын турш талбайд гараагүй ч 2022 оны нэгдүгээр сард “Брентфорд” клубтэй гэрээ байгуулсан юм.


“К.Эриксен хөл бөмбөгийн хамгийн дээд зэрэглэлийн тоглолтууддаа эргэн ирсэн нь үнэхээр гайхалтай үйл явдал боллоо гэж “Laureus” академи онцолжээ. Мөн “Оны шилдэг эмэгтэй тамирчин”-аар Ямайкийн хөнгөн атлетикч Шелли-Энн Фрейзер-Прайс тодорсон байна. 

Холбоотой мэдээ