ЗАВХАН: Шувуудын амьдралыг нэг дороос үзэх аяллыг санал болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-06 20:59:04

Улиастай/МОНЦАМЭ/. Урин дулаан цаг ирж ихэнх хүн аялалд гарахад бэлддэг. Тэгвэл тахийн эх нутагт ирж нүүдлийн олон төрлийн шувуудын амьдралыг судалж, аялахыг урьж байна.


Хомын тал нь байгалийн өвөрмөц олон янз байдлыг цогцлоосон, РАМСАР-ын конвенцид бүртгэсэн нүүдлийн шувуудын хэд хэдэн чухал тархац нутаг бүхий газар юм.

Хомын талын өмнөд хэсэгт орших Бага нуур нь Олон улсын шувуудад чухал газрын (IBA дугаар: MN016, MN017) жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд реликт цахлай, борцгор хотон, цагаан сүүлт усны нөмрөг бүргэд зэрэг нэн ховор шувуудын нүүдэллэх, дамжин өнгөрөх чухал газар болдог.



Энд өнөөдөр 140 гаруй зүйлийн шувуу бий. Тиймээс та энэ бүс нутагт аялах үеэрээ дэлхийд ховордсон олон амьтдын өлгий нутгийн сонин содон тогтоц, амьтдын зан төлөв, нутгийн иргэдийн аж амьдралтай танилцаж, сонирхолтой аяллыг хийх боломжтой.

Мөн "Хомын талын тахь" ТББ-аас бэлтгэсэн "Хомын тал орчмын шувууд" гэрэл зурагт лавлахаас та шувуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг унших боломжтой юм.

Энэхүү номд Хомын тал орчмын суурин болон нүүдлийн амьдралтай нийт 141 зүйлийн шувуудын үндсэн шинж, амьдралын онцлогийн мэдээлэл гэрэл зургийн хамт багтсан. Уг лавлах нь монгол болон англи хэлээр хэвлэгдсэнээрээ онцлогтой.  


Хомын талтай зэрэгцээ орших Хар болон Дөргөн нуурууд нь Олон улсын Ус намгархаг газруудын (RAMSAR site №976) жагсаалтад 1999 онд бүртгэгдсэн байдаг нь Хомын талыг байгалийн чухал бүс болохын нэг жишээ юм.


Хомын талын байгалийн цогцолборт газарт “Тахь” эко жуулчны бааз өнгөрсөн жил үүд хаалгаа нээсэн. Улаанбаатар хотоос 1400 километрийн алсад орших байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой энэхүү цогцолбор газарт дотоодын болон гадаадын тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил аль хэдийнэ эхэлсэн.



Хомын талын тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан ургамал, биологийн олон янз байдлын тухай мэдлэг мэдээллийг эндээс жуулчид авах боломжтой.

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог шинж байдал, ач холбогдлыг хүмүүст илүү сайн танилцуулах боломж бүрдээд байгаа юм. 



Бид Францаас анхны жуулчдаа хүлээн авсан. Тиймээс Хомын талын эзэн тахийн талаар илүү ихийг мэдэж авахыг хүсвэл Хомын тал нутгаар аялах, эко аяллыг санал болгож байна. Жуулчны баазаас тахийн талаарх бүхий л төрлийн мэдээллийг авахаас гадна, тахийг хэрхэн хамгаалж буй судалгааг биеэр үзэж, байгаль хамгаалагчид, нутгийн уугуул иргэдийн аж ахуйтай танилцаж, тэдний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдээс худалдан авах боломжтой юм гэж "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ