III Чарльз хатан хаан II Элизабетийн сэнтийд заларна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-02 13:06:20

ЛОНДОН. /ВВС/. Вестминстерийн сүмд тавдугаар сарын 6-нд болох хаан ширээнд залах ёслолын үеэр Их Британийн хаан III Чарльз, хааны гэргий Камилла нар 1953 онд хатан хаан II Элизабетийг залах ёслолын үеэр анх хэрэглэж байсан тусгай сэнтийд заларна гэж Букингемийн ордны хэвлэлийн алба мэдээлжээ. 


XVII зууны хэв маягаар, эвэрлэг модоор урлаж, алтадаж чимэглэсэн, Лондоны "White, Allom and Company"-ийн эдгээр сэнтийд Эрхэм дээдсүүд ёслолын ажиллагааны эхний хэсэгт залрах ажээ. Эдгээр сэнтийг олон жилийн туршид Букингемийн ордны хаан ширээний танхимд дэлгэн үзүүлжээ.


Ёслолын бэлтгэл ажлын хүрээнд “Royal Collection Trust” компанийн мэргэжилтнүүд тэдгээрийг сэргээн засварлаж, алтадсан хүрээг сэргээж бэхжүүлсэн бол “Humphries Weaving” компанийн оёдолчид суудлын бүрээсийг шинэчилжээ. Үүнээс гадна, Хааны хатгамлын сургуулийнхан II Элизабет болон түүний нөхөр хунтайж Филипийн нэрийн нийлмэл үсгийн оронд шинэ хааны нэрийн нийлмэл үсгийг алтан шаргал даавуугаар гараар оёж урласан байна. 


Зураг: III Чарльз хааны нэрийн нийлмэл үсэг


Үүнээс гадна, Букингемийн ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, III Чарльз, Камилла нар титэм зүүлгэх, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааны үеэр 1937 онд Их Британийн хаан VI Жоржийг залах ёслолд зориулж мөн "White, Allom and Company"-ийн бүтээсэн сэнтийд залрах бөгөөд мөн л шинэчлэн сэргээжээ. 


“Тогтвортой хөгжлийн ашиг сонирхлын” үүднээс Эрхэм дээдэстэн хаан ширээнд залах өмнөх ёслолуудад зориулж урласан сэнтийнүүдийг сонгосон гэж Букингемийн ордон онцлон тэмдэглэсэн байна.


Хатан хаан II Элизабетыг насан эцэслэснээс хойш найман сарын дараа Вестминстерийн сүмд болох гэж буй  III Чарльзыг хаан сэнтийд залах ёслолд 2 мянга орчим зочин оролцох аж.


Уг ёслолд Франц, Ирланд, Унгар, Польш, Филиппины төрийн тэргүүн нар, Испани, Шведийн хаад, Монакогийн хунтайж, Японы эзэн хааны гэр бүл, ЕХ-ны удирдагчид, Британийн улс төрийн төлөөлөгчид болон Шотландын шинэ анхны сайд Хамза Юсаф нар уригджээ.

Холбоотой мэдээ