ЗАВХАН: Хууль бус ан агнуурыг дэмжихгүй байхыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-02 07:21:14

Улиастай /МОНЦАМЭ/. Сүүлийн үед Монгол улсад нэн ховордсон хотон шувууг хууль бусаар агнах нь ихэссэн. Мөн хууль бус ан агнуурыг дэмжиж, худалдан авалт хийхгүй, хүн бүрийг байгаль хамгаалагч байхыг уриалж, нөлөөллийн ажлыг хийж байна.

Учир нь, Дэлхийн байгаль хамгаалах сангийн судалгаанд Монголд сүүлийн 10 гаруй жилийн дотор ховор, нэн ховор амьтдын тоо толгой 70-90 хувиар буурсан гэх мэдээлэл байна.

Ховор амьтнаар ч зогсохгүй элбэг гэж үзэгддэг тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөөр байна.

Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас байгаль хамгаалах ажилд иргэн, хүн бүр идэвх санаачилгатай оролцох, соёлыг түгээх, эх орноо хамгаалдаг нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг эхлүүлсэн.

Энэхүү аяныг энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулна.

Аяны хүрээнд Завхан аймгийн Цагдаагийн газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нөлөөллийн ажлыг эрчимтэй хийж байна.

2022 онд улсын хэмжээнд нийт хүрээлэн байгаа орчны эсрэг 537 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Харин Завхан аймагт 2022 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 53 бүртгэгдсэн нь мөн өмнөх оноос 5.6 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Тус аймгийн тухайд хотон шувууны өлгий нутаг биш ч гэлээ, хууль бус ан агнуурыг дэмжихгүй байхыг иргэдэд сануулж нөлөөллийн ажлыг хийж байна. 

Ялангуяа хурдан морины уралдаанууд эхэлж байгаа энэ үед хууль бус анг дэмжсэн цахим орчин дахь зарыг хориглох, цагдаагийн газарт мэдээлэл өгөх, хурдан морины уяач, малчдыг энэ төрлийн зарыг дэмжиж худалдан авалт хийхгүй байхыг цахим орчинд уриалж байна.

 

Хотон шувууны хошуугаар хурдан морины хөлсний хусуур хийх нэрийдлээр агнаж байна. Фэйсбүүк, цахим орчин дахь Хурдан морь сонирхогчдын группд борцгор хотонгийн хошуугаар хийсэн хусуур худалдана гэх зарлал хэд хэдэн удаа нийтлэгджээ. Үүнтэй холбоотой иргэдэд хотон шувууны талаарх баримт мэдээллийг өгч, хуулийн зүйл заалтыг сурталчлах ажлыг цахимаар хийж байна.

Хотон шувуу нь дэлхийн нэн ховор амьтны жагсаалт болох "CITES"-ийн I дүгээр хавсралтад бүртгэлтэй байдаг төдийгүй Монгол Улсад Улаан номд бүртгэгдсэн нэн ховор шувуу юм. Гэтэл хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг заншил одоо хүртэл иргэдийн дунд байсаар байгаа нь уг шувууг агнах, хошууг нь худалдах гол шалтгаан болж байна.


Монгол Улсын Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар борцгор хотон буюу pelicanus crispus гэх шувууг нэн ховордсон амьтдын жагсаалтад оруулсан, нэн ховор амьтны түүхий эдийг худалдах, худалдан авахыг хуулиар хориглосон байдаг аж. 

Түүнчлэн нэн ховордсон амьтдыг хууль бусаар агнасан, барьсан бол Эрүүгийн хуулийн 203-р зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг ажээ.


Борцгор хотон нь олон улсын хэмжээнд ховордож болзошгүй ангилалд орсон бол Монгол оронд устаж байгаа ангилалд байдаг нэн ховор шувуу юм. Борцгор хотон нь манай орны баруун бүс нутагт Их нууруудын хотгорын Хар-Ус, Хар, Айраг, Хяргас зэрэг томоохон нууранд тархан үрждэг байсан бол сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрч, зөвхөн Хар-Ус, Айраг нуурт цөөн тоогоор үржих болжээ.


Хар-Ус нуур нь дэлхий дээрх борцгор хотонгийн зүүн Азийн популяцийн үржлийн чухал нутаг гэж судлаачид тодорхойлсон байна. Борцгор хотонгийн тоо толгой нь Монгол орны хэмжээнд 110-120 гэж судлаачид үнэлсэн байдаг.

Усны түвшин буурах‚ хэт ихсэх‚ нуурын эрэг, арлын ургамал талхлагдах зэргээс үүр‚ өндөг устана. Хүн ойртоход үүрээ удаан хугацаагаар орхиж явснаас цахлай‚ үнэг зэрэг амьтад өндөг‚ ангаахайг сүйтгэнэ.

Хотонгийн хошуугаар хурдан морины хусуур хийдэг нутгийнхны заншил хотонгийн нөөцийг хомсдуулж‚ гэх мэтчлэн шалтгаануудаар устахад хүргэх хандлагатай байна. Иймд иргэдийг эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хүн бүрийг байгаль хамгаалагч байхыг уриалж байна гэж Завхан аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ