ЗАВХАН: Баталгаажуулалтын тэмдэг нь хэрэглэгчдэд оновчтой сонголт хийхэд тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-01 14:44:40

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймаг хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газрын бүтээгдэхүүн үйлчилгээнд баталгаажуулалтын тэмдэг олгож байна.


Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний газрын бүтээгдэхүүн, үйлчилгээг стандартын шаардлагыг хангасаныг гэрчлэх баталгаажуулалтын тэмдэг хэрэглүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэд зөв, оновчтой сонголт хийхэд, туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих. Зах зээлийн эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх, нийгмийг хөгжүүлэхэд тохирлын үнэлгээний, баталгаажуулалтаар дэмжлэг үзүүлж байгаа юм.


Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ авсан аж ахуйн нэгжүүд баталгаажуулалтын тэмдгийг хаяг шошгон дээрээ байрлуулах шаардлагатай. Ингэснээр хэрэглэгчдэд баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэх сонголтыг олгож байгаа юм.


Завхан аймгийн хэмжээнд худалдаа үйлчилгээний 400 гаруй иргэн аж ахуйн нэгж, хүнс үйлдвэрлэгч 50 гаруй иргэн аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн стандарт шаардлага хангасан эсэхэд нь мэргэжлийн байгууллага дүгнэлт хийж, баталгаажуулалтын тэмдгийг олгох юм.


Чанарын баталгаажуулалтын тэмдэг бүтээгдэхүүний саванд тавиагүй аж ахуйн нэгж байгууллагын барааг зах зээлд нийлүүлэхгүй байхаар журамд заасан.


Баталгаажуулалтыг Стандартчилал, хэмжилзүйн газрын баталгаажуулалтын шинжээч  үндэсний стандарт, арга зүйн удирдамж, дүрэм журмын дагуу гүйцэтгэдэг гэж Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв.


Ташрамд дурдахад, баталгаажуулалтын тэмдгийг хэрэглэж эхэлсэн аж ахуйн нэгж одоогоор байхгүй. Шаардлага хангасан газруудад олгох ажлыг эхлүүлж, энэ талын мэдээлэл, үйл ажиллагааг сумуудад зохион байгуулж байгаа аж.


Мөн үеэрээ массын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтаар, Идэр, Тэлмэн, Их-Уул, Тосонцэнгэл сумдад ажиллаж худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 76 аж ахуйн нэгжийн 99 худалдааны жинд ээлжит баталгаажуулалтыг хийсэн байна.


Түүнчлэн эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтаар Идэр,Тэлмэн, Их-уул сумдын зургаан шатахуун түгээх станцын 22 ширхэг хошууг баталгаажуулж улсын баталгаажуулалтын гэрчилгээ олгож битүүмжилсэн гэж нэмж дуулгав.

Холбоотой мэдээ